“Исламын улс” бүлэглэлийн удирдагчийн дүрс бичлэг цахим сүлжээнд тавигджээ
“Исламын улс” бүлэглэлийн удирдагч Абу Бакр аль-Багдади хамгийн сүүлд 2014 онд Иракийн Мосул хотын сүмд олны өмнө гарч Сири болон Иракт “Исламын улс” байгуулагдсаныг зарласан байдаг. Эл явдлаас хойш түүнийг шархадсан, алуулсан гэх зэрэг мэдээлэл олонтой гарсан юм. Харин өчигдөр цахим сүлжээнд тавигдсан дүрс бичлэг дээр тэрбээр амьд бөгөөд эрүүл саруул байдалтай гарсан байна. Өөрчлөгдсөн зүйл нь түүний бууралтсан сахал л байв. Бичлэг дээр тэрээр Багхузын төлөөх тулалдааны тухай дурдаад “Исламын улс” энэ дайнд ялагдсаныг хүлээн зөвшөөрчээ. Тиймээс бичлэг хэдийд хийгдсэн нь тодорхойгүй байна. Өнгөрсөн гуравдугаар сард АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Сирийн армийн тусламжтайгаар холбоотны цэргүүд Сири болон Иракийг тус халифатын бүлэглэлээс бүрэн чөлөөлснийг мэдэгдсэн юм. Вашингтоны эл мэдэгдэлд Арабын ихэнх орнууд эргэлзээтэй хүлээж авсан бөгөөд аюулгүй байдлын мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар үлдсэн цэргүүд болон бүлэглэлүүд урьдын адил аюул заналхийлэл учруулсаар байгаа аж. Абу Бакр аль-Багдадигийн эл бичлэгийн гол зорилго тун тодорхой бөгөөд хэдий “Исламын улс” бүлэглэл нь дайнд ялагдсан ч үхээгүй, удирдагч нь амьд сэрүүн байна гэдгийг харуулах гэсэн хэмээн судлаачид үзэж байна.
Н.Энхтүвшин