"Шинэ жилийн бэлэг" баримтат өгүүллэг

1129
 "Шинэ жилийн бэлэг" баримтат өгүүллэгБагадаа би дэндүү жаргалтай өсч, аав ээжийнхээ ариун хайрыг огтхон ч анзаардаггүй байж дээ. Анзааралгүй өнгөрөөсөн тэр хайр, эцгийн гэрээс гарсан хойно дутна гэж даанчиг санасангүй явлаа.

Тэр намар би найман нас хүрч Баруунбүрэнгийн бага сургуульд Надмид эгчийнхээ хамт орсон юмдаг. Намартаа гэрээсээ мориор явсаар, ес эхэлж өвлийн жин хүйтэн болоход аргагүй дотуур байранд суух болов. Байранд дөнгөж ороод л би гэртээ харих хоногоо тоолж эхэлсэн юмдаг. Тэр өвөл ажаа, ижий (Би аав ээжийгээ ингэж авгайлдаг) хоёр маань хэдэн малаа дагаж Шувуутын голын дунд бие хавиар хойд Нарстад өвөлжиж байлаа.

Өвөл гэдэг эх байгалийн эзэн хаан өөрийн албандаа сууж өдөр улам богиносч, нар хаяалбараасаа дөнгөж цухайснаа ханын элгээс доош буухгүй байсаар буцахад гэгээ тасарч үдэш залгана. Энэ үеэр хорвоод хамгийн урт шөнө, хамгийн богино өдөр болдог ч залгуулаад өдөр буудайн чинээ уртассаар шинэ жил болно. Удалгүй хаврын урь даган өвөл гэдэг их хүчтний цасан хөнжлийг нь хуулан, цан хүүргийг нь нимгэлэхэд хамаг амьтны зоо тэнийж урин дулаан улирлыг хамтад нь дагуулан ирдэг юм даа.

Гэртээ харихыг хүсч хүлээсэн өдөр ашгүй дөхөж, орой нь сургууль шинэ жилийн сүлд модны баяраа тэмдэглээд маргааш өвлийн амралт эхлэх болчихжээ. Дотуур байрныхны ар гэрээс аав ээж нь сургуулийн гал тогоонд өгөх мах, сүү идээ цэгээгээ ганзаглан, хүүхдүүддээ унах дуртай морьдынх нь дэлийг засан бяцхан шоохуу эмээлтэй нь хөтлөн ирж бөөн баяр болцгоож зарим хүүхэд аав ээжийгээ хараад л мэлмэртлээ уйлж байх юм.

Гэрээ санаад уйлдаг энэ бяцхан жаалуудад онцлог бас зүйл бий. Хөдөөгийн хүүхдүүд хэлд орохоос өмнө хоолоо өөрөө идэж сурдаг, хөлд орохоос өмнө хүлгийн нуруунд гардаг, хөл нүцгэн гүйцгээж хоолой өвдөхөөс хол, ааруул өрөм идсэнээр шүд нь эрүүл, сэргэлэн цовоо өсдөг юм даа. Иймээс сургуульд орсон хүүхэд аль хэдийнээ морь унаж хурга, тугалдаа явж сурчихсан байдаг юм. Амьдрал, ахуй орчин нь ийм л байж. Би манай гэрээс хэн ирж надад ямар морь авчрах бол гэсээр, хөтөлгөө морьтой ажаа минь хөтлийн замаар хэзээ гарч ирэхийг Гэзэгийн шилийн онийг сэтэртэл ширтэвч бараа ч алга.

Үдийн хоолонд тогооч эмэгтэй Банзрагч гуай ховор тохиох тоймий бууз, сүүтэй цай, мөсөн чихэр өгч дараа нь сургуулийн сүлд модны наадам эхлэн өнгө өнгийн цацаг чимэг, цасан ширхэг, тоглоом, зураг эрээлжлэн цагаан хөвөнгөөр чимэглэж оройд нь улаан таван хошуу хатгаад мөчрөөс нь олон янзын цаасан бөмбөлөг зүүж хажууд лаа асаасан ногоон гацуураас ойн үнэр хан хийнэ. Янз бүрийн амьтны баг өмссөн хүүхдүүдийн дунд, өвлийн өвгөн Рэнцэн багш, арван хоёр жил, цасан охидоо дагуулан ирж хөл хөгжөөн, шуугиан наргиантай байлаа. Сундуйжав багш хамгийн түрүүнд онц сурлагатан манай ангийн Хайнзансамбуу, миний эгч Надмид бусад онц сурлагатны нэрсийг дуудан Тасран захирал сүлд модны дэргэд онц суралгатны хэмээн бүр том ууттай бэлэг гардуулан Дорж багш баян хуураа хангинуулж байхад мөн ч сайхан байлаа. Дараа нь онц сураагүй ч бусад мань мэтийнхэнд бас бэлэг өгсөн юм даг. Надад өгснийг үзвээс мөсөн чихэр, алим, лийр гээд л тэр үедээ л гоё, гоё амттан байж билээ. Алим лийр нь тэс хөлдүү, тас хар ч хүйтэн усанд байлгаж гэсгээгээд идэхэд мөн ч амттай байдагсан. Үүнээс өмнө би шинэ жил гэдгийг мэддэггүй, ийм сайхан юм үзэх байтугай төсөөлж ч байсангүй.

Миний анхны шинэ жил намайг балчир насны минь хамт нэг хэвийн орчноос ховхлон урд өмнө хэзээ ч үзэж байгаагүй чамин гоё баяр, үлгэрийн ертөнцөд хүргэж хамгаас тод сэтгэгдэл төрүүлсэн нь өнөөг хүртэл санаанаас минь ер гардаггүй юм. Тэр шөнө би яаж маргааш болгоно доо гээд л орондоо орсноо л санах атал өглөө болчихсон байж билээ.

Бид өглөөнөөс эхлэн эцэг эхчүүдэд зориулсан өдөрлөгт бэлдэж Дамдиндорж багш концерт зарлан ахлах ангийн Сод-Эрдэнэ, Бүрэнжаргал, Цэвээн, Цэгмид, Нямбуу, Гийдэр, Цэрэнбалжир, Дарь, Ира гээд олон ах эгч нар морин хуур, мандолин, баян хуур, шанз, хуучир, лимбэ хөгжмийн найралд

Маш дэлгэр хангай минь

Мал сүргээр дүүрэн

Малчин олон монголчууд

Жаргал цэнгэлээр дүүрэн ... дуугаар эхлэв. Дараа нь хүүхдүүд дуу, шүлэг, шог гараа бүхий үзвэр эхэлж нэгдүгээр ангийнхан юу сурснаа эцэг эхчүүддээ үзүүлэхэд би сургуульд заалгасан "Эхийн ач”-аа Надмид эгчийнхээ мандолин хөгжимд овоо аятайхан эхлээд ”Үрэл гэдэг модоороо” …гээд нэг бадгийг дуулчихаад "Нарс гэдэг модоороо наадмыг минь сийлсэн аав минь ээ” гээд дуулж байтал хүмүүсийн дунд ажаа маань ирчихсэн над руу хошуугаа цорвойлгон сууж байгааг харангуут л нулимс мэлмэрч, хоолой зангираад төгсгөлд нь бүр гацах шахаад арай гэж дуусгахад хүмүүс харин бөөн инээдэм болцгоон алга ташицгааж билээ. Би хар хурдаар гүйн ирж ажаадаа үнсүүлэхэд нөгөөх уйлж байсан жаалууд намайг шоолох мэт жоготой нь аргагүй харцгааж уу. Хүүхдүүд аав ээжийгээ хараад л мэлмэрч байна хэмээн шоолж байсан миний бие өөрөө ингэж балгаа тарьж билээ.

Дараа нь "Учиртай гурван толгой” жүжгээс томчууд Мэгзэм эгч, Махгал, Шагдар гуай нар дуулж, энэ жүжигт гардаг Нансалмаа Балган ноёны бүсэн дэх хутгыг сугалан аваад "Хэрэв ээ надад халдах юм бол амиа би хорлоно шүү. Таны гараас өмнө миний хутга амжина шүү” гэж дуулдаг хэсэг дээр Нансалмаад тоглосон Мэгзэм эгч маань Балган ноёны хутгыг нь сугалах гэтэл байдаггүй, Балган ноёнд тоглосон онин Шагдар гуай хутгаа зүүхээ мартсанаа сая мэдэж ихэд сандрав. Гэтэл ашгүй тайзны араас ноёны хутгыг нь авчирч зүүж өгөхөд Нансалмаа сая тэр хутгыг сугалан авч "Хэрвээ надад халдах юм бол...хэмээн дуулсаар дуусгаж билээ. Шог гараанд ах дүү Сүхбаатар Лувсандорж нар алиалагч болж урт алаг цаасан дурангаар ийш тийш харж элдэв хөгтөй явдлыг элэглэхэд хүмүүс хөгжиж инээлдсээр шинэ жилийн үдэшлэг өндөрлөж, гадаа гарваас ажаа маань надад хурдан шаргыг, өөрөө уургач шаатан хээр морио унаж ирсэн нь манай адууны манлай, хоёр сайхан хүлэг морьд жаргах нарны туяанд хазаар даран дүүхэлзэх нь үлгэрт гардаг тэнгэрийн хүлэг газарт буув уу л гэлтэй.

Нутгийн таних айлд хонохоор явах замд ажаагийн унасан шаатан хээр мухар алдын дайтай яргай ташуур даялах төдийд ухас ухас хийн тэмүүлж, хурдан шаргын алга халууцтал дугтран, дөрвөн туурайгаа шагалзуулан үелзэх задгай суман хатираа, туг сүүлний үзүүрт босох хөр цасны чахирах чимээ, хацар даргиан үлээх хээрийн салхинд хийморь сэргэн бушуухан гэртээ л харимаар санагдаж байлаа. Би энэ тухай ажаадаа хэлвээс "Өглөө явъя одоо харанхуй болчихно” гэж байнаа. Гэсэнч би бушуухан гэртээ харих чин хүсэлдээ хөтлөгдөн харъя хэмээн ятгасаар ажаа маань зөвшөөрч харих замдаа нөгөөх айлын гадаа буутал өндөөр гэгчийн хунгарласан цасны нөмөрт шургааган хашаатай ганцхан бор гэр байлаа. Гадаа нь хураалттай хэдэн түлээ, жижиг модон саравчнаас өөр юмгүй, моринд тавих өвс байтугай уяаны шон ч алга, үзтэл малгүй айл болох нь илт. Бид хоёр морьдоо хашаанаас уячихаад ортол миний багад манайхтай айл саахалт байсан Дугарын Цэнджав гуайнх аж. Цэнджав гуай залуудаа цэрэгт яваад өрөөсөн хөлөө гэмтээж тэр нь эдгэхгүй байсаар ужгирч бүр болохоо байхаар нь тайруулчихсан гэж цэрэгт цуг явсан хүмүүс ярьцгаадаг юм. Тайруулчихсан ч гэждээ өөрөө тайрчихсан юм гэнэлээ. Цэргээс өрөөсөн хөлтөй болж нутагтаа ирээд өөртөө модон хөл хийж түүн дээрээ дажгүй явдаг, бүр морь унадаг ч хазгар Цэнджав хочтой болчихсон юм даа.

Мань хүн галын хайч, хутга шөвөгнөөс эхлээд эмээл хазаарын тоног, мөнгөн аяга, бүр алтан шүд хүртэл хийдэг айхтар уран бас хазаар, ногт, чөдөр маш сайхан зангидаж, эмээл төхөөрдөг болохоор сумын артельд дархнаар, эхнэр Дуламсүрэн нь үйлэнд их уран хүн тул оёдолчноор орсон юмсанж. Дуламсүрэн гуай бидэнд цай аягалж гаднаас хөлдүү банш, хормойлон авчраад тогоонд буцалж буй шөлөнд болгоод дээр нь адууны тарган умс, давсалсан халиар тавиад

-За Найдан гуай та хоол ид. Хүүдээ банш өг, хэмээхэд Ажаа маань урагш дөхөн сууж, хутгаа хуйнаас нь гарган

-Хүйтэнд энэ чинь л… гээд адууны тарган умс руу заахад Цэнджав гуай

-Тарган умснаас ташуухан огтлоод дээр нь давсанд дарсан халиар тавиад үмхэхэд ч нэг ая бий дээ гэснээ эхнэртээ

-Алив тэрийг... хэмээн арагш дохиход Дуламсүрэн гуай орны хөндийгөөс цагаан эсгий бүрхүүрээс ваартай нэрмэл архи гарган дээр нь шар тос дусааж халаав. Би банш идэж, ажаа маань адууны тарган умснаас огтлон давсанд дарсан халиар тавьж үмэхээд хоёр жавжаар наалдсан тосыг алгаараа шударч суулаа.

Цэнджав гуай шүүгээнээсээ хоёр мөнгөн аяга гарган нударганыхаа омгоор арчиж нэрмэл архиар дүүргэн өөрөө нэгийг нь авч нөгөөг нь ажаад барив. Ажаа маань нударгаа засан, шар сахлаа имрэн хоёр гардан авч сэржим өргөөд, шар тос дааварласан халуун архийг нэг балгаад

-Гал шиг халуун идээ байна. Мөн ч чамгүй сайн гарсан байна шүү хэмээн гэрийн эзэгтэйг магтаад нутгийн сонин, адуу мал, цас хүйтний тухай яриа өрнөхөд би тэдний яриа хэзээ дуусахыг л хүлээж ядан байв.

Цэнджав гуай ногоон пийсүү соруултай богино гаансаар ажаатай тамхилан үнсийг нь модон хөл дээрээ тог тог тогшсоноо ваартай нэрмэл рүү гаансныхаа толгойгоор дохин, хоноод явахыг сануулахад ажаа маань над руу харцаа дэвсэвч би хариуд нь үнэгэн лоовуузаа буцааж өмсөв. Ажаа тэднийд авчирсан сүү идээгээ, би шинэ жилийн бэлэгнээсээ нэг чихэр авч бурханд нь өргөөд Цэнджав дархныхаас гарахад хэдийнээ бүрий нөмөрсөн ч сар өндөрт гарсан тул цагаан цас мөнгөн өнгөө олж шинэ оны өмнөх үдшийг улам ч өнгөлөг болгожихуй. Ажаа миний үнэгэн лоовуузыг минь бүчилж, жилбэнгийн боолтоороо миний хормойг даруулж өгөөд мордоцгоолоо.

Сойгдож шавхарсан хөх өвсний морьд хөхөө өвлийн хүйтэн, хөр цасны зузааныг тоосон шинжгүй хазаар даран хатируулана. Тэнгэрт зургаан мичид гялалзан, цэвэр тунгалаг агаар сэнгэнэх сэвэлзүүр салхины савслагад цасан хөнжилд хучигдсан хөдөө тал хавирган сарны гэрэлд солонгорон орчин тойрон дахь юм өдөр мэт цэлийх өвлийн үдэш харихаар давхиж явах нь гэрээ санасан надад ямаршүү сайхан байсныг хэлэхэд үг дутах буйзаа.

Бид хоёр ергүүлсээр Нарангийн хөндийг туулан Эрдэнэ толгойн ар шилд хүрч явтал морьд маань хамраа тачигнуулан хулмалзаж, үргэж соотгоноод нэг л бишээ. Явсаар толгойн арын жалгад хагас саахалт хэртэй дөхөж очивоос гэнэт тэр судгаас дөрвөн чоно гарч хойтох Хөшиг уул өөд зугтацгаалаа. Морьтой монгол эр чонотой тааралдаад хөөхгүй байх нь үгүй тул ажаа маань "Хоёул хөөе” гээд миний үгийг ч сонссонгүй морио гуядахад уургач шаатан хээр сурсан зангаараа хуй салхи мэт довтлон чоно ууланд хүрэх замыг хөндлөнгөөс амдан хаахаар хар эрчээр дайрлаа. Би ажаагаа даган ухасхийтэл нөгөөх гайхлууд урагш улам улайран хошуурч байснаа гурав нь гэнэт зог тусан ар хударгаар эргэж, түрүүнд явсан нэг том чоно тэр чигээр ургаш дайрдаг байгаа. Би ч мөн тэр чигээрээ уулын бэлээр даялан харайлгатал хурдан шарга яах ийхийн зуурт нөгөөх азарган чонын зэргэд очвоос, ажаа маань уул өөд битгий гаргаарай гэж араас хашгирсаар үлдлээ. Ажаа олон санаагүй хамгийн том тэр чоныг сонгож бусдыг нь орхисон бололтой.

Хөшиг хэмээх сархинаг мэт салбархай энэ ууланд чоно байтугай мал ороод олддоггүй газар. Нөгөөх гайхал ийш тийш садааран бултахад надаас илүү миний унасан шарга маань өөрөө цаад талаар нь хашсаар хэдхэн харайлгаад элгээ хүртлэх цасан дунд гэдсээ чирэм цатгалан чоныг хааш нь ч гаргахгүй ноёлох тул би чанга чанга хашгирсаар бэлээс доош буулган элдэж Нарангийн хөндий тийш эргүүлэв. Надаас тийм том дуу яаж гарсныг төлөөлөхөд бэрх. Гэхдээ л хоолой зангираад байсан ч хашгирсаар л байлаа. Ажаа маань уул өөд мацааж хурц гараат мориныхоо торгон ирийг нь мохоохгүй буцах замыг нь отож үлдсэн аж. Нөгөөх хээрийн амьтан доош бууж ирэнгүүт бэлийн доод биеэс ажаа сүртэй чангаар хашгирч бүдүүн яргай ташуураа далайн, хурц гараат шаатан хээрийн дөрвөн туурайн нижигнээн хамраас нь садрах уур, сарны гэрлээс цасанд буух хээр морины аймшигт хар сүүдэр нөмрөхөд хүч сүр нь шалчийж, хулхи сахил нь буусан амьтан ойртож буй аюулаас мултрах арга зам бэдэрч хоёр тийш солибон хөр цасан доогуур шурах мэт сүүлээ хавчин идэж залгиснаа дээш доош савируулан харайлгавч нэгэнт газар хороохоо больчихож дээ зайлуул. Би ч ажаагийнхаа араас дагаж давхисаар л байлаа.

Уургач шаатан хээрийн дөрвөн туурай, морины бэрэвхий татах хунгар цасны цойг ховх ховх татан пижигнүүлж элдсээр сурсан зангаараа хоёр чихээ хулмайлган хүзүүгээ сунгасаар боохойн хажуугаар оронгуутаа л ажаагийн ташуур барьсан гарт нь налж өглөө. "Уургач морь” хэмээх шаатан хээрийн маань сурсан эрдэм, үнэхээр бахдам, монгол морины гайхамшиг гэдэг чухам л энэ юмдаа. Үхлийн тавиланд шурж явсан боохой эцсийн аргаа хэрэглэн цасан дундаас дээш үсрэн хурц цагаан соёогоо морины цээжинд хүргэн алдахад зөвхөн энэ мөчийг л отож далайсан ажаагийн маань тарнын яргай ташуур тархинд нь пид хийн буусан хэрэг. Тарнын яргай гэж маш шигүү ширхэгтэй, салаа багатай тэгш ургадаг мод тул монголчууд түүгээр ташуур хийдэг бөлгөө. Би ажаатайгаа хамт явсан болоод ч тэр үү, чононоос ер айгаагүй, тэгээд ч "монгол хүний хүч, хийморь морин дээрээ” гэж сайн морьтой эрийн хүч зориг нь аяндаа оргилдог увидастай ажгуу.

Цасан дунд үхлүүт унасан хангайн сүрлэг амьтны биеэс уур савсах нь сарны гэрэлд тодхон. Ажаа морин дээрээсээ толгойд нь дахин нэг буулгаад мориноосоо ногтоо мултлаж аваад нам унасан түүний хөл, амыг нь сайтар хүлээд шуудайд хийж амыг боож дэрсэн дотор орхичихоод нөгөөдүүлийнх нь хойноос мөрдөв. Бид тэдний мөрөөр уул давуулж хайгаад юу ч олсонгүй нэгэнт орой болсон тул аваа тэнд нь орхиод маргааш өглөө эрт ирэхээр болов.

Хөшгийн хөтөл дээр ажаа маань мориноосоо бууж миний олмыг чангалаад цантсан нударгаа шамлан өвлийн шөнийн жаварт жиндсэн хацрыг минь халуун алгандаа дулаацуулж өглөө. Бид цааш дэв дээр гартал Лувсангомбо гуайн хар бух дэв уруудаж явсныг хажуу дахь Бичигтийн өвөлжөөнд нь аваачив. Бид хоёр од мичид тогоо өнгийж байхад гаднаа ирэхэд гэрийн тооноор гэрэл тусч яндангаас утаа суунаглан Хүдэр нохой маань тэртээ холоос чимээ өгч угтав. Ажаа бид хоёр дулаан өвөлжөөндөө мориндоо тохом татаж, өвс тавиад эмээлээ тэвэрч дөрөөгөө хангинуулсаар гэртээ их л урамтай орцгоож билээ. Оронгуут л урдаас аргалын цогонд пүн хийсэн халуун гэртээ ижий минь биднийг угтав. Би ижийдээ үнсүүлээд уйлсангүй аавтайгаа чоно хөөж авласан том эр шиг байхыг хичээн тэр тухайгаа бахархан ярьж дуусаагүй байхад харин ижий маань намайг ямар сурсныг сонирхов. Харин би тэр үед энэ тухай дурсахыг ч хүссэнгүй. "Өглөө эрт босч чононд явна, унтлаа” гээд буруу хараад хэвтчихсэн юм. Үнэндээ бол би онц биш тааруухан л сурчихсан хүн л дээ. Ажаадаа өглөө намайг заавал сэрээж цуг авч явахыг сануулж, бас чоно үзнэ гэхээс нойр хүрэхгүй хэвтэж байснаа, энэ өдөрт тохиосон олон сонин үйл явдалд бүр бялуурч, хөрзөнгийн цог араас төөнөхөд дуг нойронд нам дарагджээ. Шөнө зүүдлээд нөгөөх чоно өвлийн өвгөний өгсөн бэлгийг минь зуучихаад тавьдаггүй яг алдахын даваан дээр ажаа маань намайг сэрээж би нүдээ нээнгүүт цаасан ууттай бэлгээ тэмтэрч үзээд сая тайвширч яаран бослоо.

Бид хоёр ижийгийнхээ чанасан өтгөн шаргал цайнд өрөмтөй шар будаа хийж уугаад гэрээсээ гарч мордон хээр орхисон чоноо хайсаар мөрөө харахад шөнө морины хурдаар байтугай өдөр явахад аймаар харагдсан шүү. Нөгөөх дөрвөн чоно нэг шүдлэн бяруунаас араг яс, эвэр туруу, энээ тэрээхнийг үлдээж зугатах замдаа огиулж гаргасан нь том том мах, алгын чинээ шир үстэйгээ байж билээ. Чоно аюул тулгарахад асар богино хугацаанд биеэ ингэж хөнгөлдөг ба өлсгөлөн бэлтрэгээ хооллохдоо ч ходоодныхоо мухраас аль байгаагаа амархан гаргаж чаддаг амьтан юм. Үүний тулд архинд шартсан хүн шиг амандаа хуруугаа хийх шаардлагагүй, ходооны булчингаа агшааж чаддаг амьтан гэж ажаа маань ярьдаг байлаа.

Нөгөөх хэсэг дэрснийхээ хажууд ирэхэд өчигдөр шөнө чонотой зэрэгцэн налж өгсөн шаатан хээр маань үргэж, хамраа тачигнуулаад ойртох юм биш. Морьдоо тушиж орхичихоод хоёул явганаар боохойд ойртвоос хийсэн шуудай нь алга болчихсон нөгөөх чонын бүх биеэс нь уур савсаж байлаа. Харваас үл мэдэг амьсгалж байх шиг. Би сандран

-Ажаа, ажаа чоно амьд байна, гэхэд ажаа маань ердөө ч тоосон шинжгүй

-Ажаа нь өчигдөр дутуу үлдээчихсэн юм гээд инээхэд би бүр гайхан

-Яагаад? гэвээс

-Яахав, өвчихөд гэсгүүн байхгүй юу гэснээ, цасан дээрх мөрийг үзсэнээ нөгөө гурав нь үүгээр ирж гээд шуудайн тасархай энд тэнд байхыг зааж саяхан л эндээс хөдөлсөн байна гэлээ. Ажаа Хөшиг уул өөд хэсэг харж зогссоноо гутлынхаа түрийнээс гаансаа гарган тамхиа нэрэх нь үү гэтэл чонын амыг хүлсэн ногтны үзүүрийг дагуулан нөгөөх амьтны сарьсан хоншоорт нь гаансныхаа толгойгоор нэг ширвээд л зүйл дуусгав. Сая цасан дээр завилан сууж тамхиа нэрж асаагаад гаансныхаа толгойноос дээш огих улаан цогийг эрхий хурууныхаа нүцгэн өндгөөр хээв нэг даран байж хэд хэд шуналтайяа сорон утааг нь хамрынхаа нүхээр олгойдуулсаар дуусгаад гаансныхаа толгойг гутлынхаа уланд түншин үнсийг арилгаад яаралгүй бослоо. Дүн өвлийн тэсгэм хүйтнийг тоосон ч шинжгүй үс нь сагсайсан үзүүрсгэн дээлээ сугалдаргалан цагаан цууямбуу цамцныхаа ханцуйг шамлангуут бүсэн дэх хутгаа сугалан дөрөөнийхөө суранд хэд нийлэв. Тэгээд нөгөөх чоныг хойд хоёр хөлөөс нь эхлэн өвчиж нүцгэрсэн хоёр хөлийг хооронд нь холбон чирсээр мориныхоо дэргэд ирж нүцгэн хөлөөр нь эмээлийнхээ хойд бүүрэгнээс өлгөчихөөд өөрөө мориныхоо толгой талд гарч эгэм рүү нь хөлөөрөө жийн байж хэд сайн дугтраад арьсыг нь шувт татсаар бүр ар шилд нь хүргээд цааш өвчиж дуусгав. Уургач шаатан хээр чонын бараа үнэрээс айн бөмбөлзтөл чичрэн шээс алдавч аав чонын арьснаас дугтрах үед яг морь уургалахад сууж өгдөг шигээ арагш цогнойн суухад сүүлнийх нь үзүүр газар шүргэж бусад үед нь хулмалзан хамраа тачигнуулсаар зогсож байж билээ. Уургач морь эр хүнд ямар тустай байдгийг би тэгэхэд сайн мэдэж авсан юм даа. Монгол хүн чонын авд гарахын өмнө сайн морио барин сойж дараа нь буу шийдмээ агсдаг гэдэг. Иймээс ажаа маань уургач морио унаж ирсэн нь ийм учиртай байжээ.

Азарган чонын арьсыг цасан дээр сэгсрэн, эмээлийнхээ араар тохоход, хоёр үзүүр нь хөр цасны цойг шүргэн алдаж байсан шүү. Ажаа маань чоноо өвчиж дуусаад хоёр соёог нь, хоёр шагайтай нь авч бид нэг нэгээр нь хадгалж билээ. "Чонын арьсыг сэгсрэхэд үс нь сэргэдэг, харин түүнийг агнасан эрийн хийморь нь мөн сэргэдэг юм. Ажаа хүү хоёр хийморьтой явж анхныхаа авыг хийлээ. Соёо, шагайг нь нэг нэгээр нь авъя” гэж билээ.

-Ажаа ажаа ?

-Өөв миний хүү.

-Яагаад соёог сугалдаг юм бэ.

-Чонын хүч соёондоо, хүний хүч ухаандаа...гэдэг. Чонын соёо маш хурц байдаг. Иймээс гол зэвсэг нь соёо гэсэн үг. Соёог нь авснаар хүчийг нь өөртөө шингээж буй дом юм.

- Ажаа ажаа.

-Өөв миний хүү.

-Яагаад шагайг нь авдаг юм бэ?

-Чоно бол тал нутгийн онгон амьтан. Энэ онгон амьтныг зөвхөн хүн л агнаж чаддаг юм. Гэхдээ хүн болгонд тохиодог ав бас биш, сайн морьтой, аз хийморьтой эр л агнаж чаддаг, азгүй бол таарахгүй, морьгүй бол агнахгүй. Яагаад гэвэл чоно бол долоон голтой амьтан.

-Долоон голтой гэж юу гэж байгаа юм бэ? Ажаа.

-Долоон шарх даадаг, амь бөхтөй гэж байгаа юм. Иймээс тэр аз хийморь ивээж байхыг бэлэгшээн энэ сүрлэг амьтны хурд хүчийг агуулсан шагай, соёог хоёрыг нь авч явдаг юм гэж билээ. Ажаагийнхаа энэ үгийг би ой тойндоо сэтгэл зүрхэндээ шингээж үлдсэн юмдаа.

Үүнээс хойш би олон шинэ жилийг угтаж бас үдсээр өнөөг хүрч мөдхөн мэндлэх шинэ оноо хүлээн барьж болдоггүй бага нас, буцааж болдоггүй анхны шинэ жилээр ажаатайгаа хамт чоно агнаж соёо, шагайг нь бэлгэнд авч байснаа өнөөг хүртэл дурссаар явнам. Тэр үед надад ажаа ижийдээ өөхөнд өлгийдсөн бөөр, өндгөнд өлгийдсөн шар шиг эрхэлсээр аз жаргалтай явснаа анзаарах зав ч, энэ бүхнээ эргэн үгүйлнэ гэж бодох ухаан ч байсангүй.

"Чоно агнасан эрийн хийморь сэргэдэг. Ажаа хүү хоёр анхныхаа чоныг авлаа” гэж урам хайрласан тэр үгэнд л бялуурч явлаа. Тэр ав бол ажаа бид хоёрын анхны агаад сүүлчийнх нь байжээ. Хүн бээр бүхий л амьдралдаа аз жаргалтай явах нь үгүй ч харин жаргалтай өдрүүд, цаг, мөч бол бас хааяа тохиодог л юмаа. Ажаа ижийтэйгээ хамт байсан тэр үе бол миний хамгийн аз жаргалтай үе, хамгийн гэгээн бага нас минь байж дээ.

Өнөөдөр би ажаагийнхаа нэрийнх нь үсгийг өмнөө тавин дээдэлж өгсөн чонын шагай, соёог нь хадгалж явахад ажаатайгаа хамт хэмээн бодож сэтгэлд өег байдаг юм. Чонын шагай бол бидний тоглож өссөн хонь малынхаас шал өөр, ажиглаад байхад xангил цавчим хаднаас хагарч үлдсэн хэлтэрхий, хар дарсан зүүднээс хальт сэрсэн ертөнц, үлэг эртний галваас үлдэж хоцорсон олдвор ч гэмээр үгээр төсөөлж барамгүй хачин чамин хэлбэртэй.

Алсыг зориход алтан шар зам минь өлзийтэй байсан нь ажаагийнхаа өгсөн тэр соёо, шагайны ид шид гэж би дотроо шүтсээр, хамт чоно авласан шинэ жилийн тэр үдэш надад насан туршийн минь дурсамж болон үлдсэн юм даа. Ингэж надад үлдсэн азын цалиг шагай, соёо хоёр тэртээ өвлийн хүйтэн шөнө ажаагийн маань халуун алганаас хацарт минь шингэсэн их илч, өр зүрхийг минь дулаацуулсаар л байдаг юм.

 

Н.Бадарч. Арлингтон, Виржиния. АНУ

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>