Нохойноос коронавирусийн халдвар илэрсний дараа гэрийн тэжээвэр амьтдыг үнсэхгүй байхыг зөвлөжээ
Шинэ коронавирусийн халдвартай хүний нохойноос сул түвшний халдвар илэрсэн тул гэрийн тэжээвэр амьтдаа үнсэхгүй байхыг Хонг Конгийн эрх баригчид өнөөдөр иргэдэдээ анхааруулжээ. Хонг Конгийн мал эмнэлгийн мэргэжилтнүүд хэд хэдэн удаа давтан шинжилгээ хийсний эцэст Померан үүлдрийн нохойнд Covid-19 вирус халдсаныг хүлээн зөвшөөрч, үүнийг хүнээс амьтанд халдсан анхны тохиолдол байж болзошгүй гэж дүгнэсэн байна.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага ч энэ тохиолдлыг анхааралдаа аваад судалж байгаа гэнэ. Одоогоор нохойны биеийн байдал хэвийн, халдварын ямар нэг шинж тэмдэг илрээгүй байгаа ч тусгаарлах арга хэмжээ авчээ. Нохойны биеийн байдалд цаашдаа өөрчлөлт гарах эсэх, бусад хүн амьтанд халдвар тараагч болж чадах үгүйг ажиглах юм байна. Хонг Конгийн засаг захиргаа гэрийн тэжээвэр амьтныг үнсэхгүй байхыг иргэдэд зөвлөсөн ч энэхүү мэдээлэлтэй холбоотойгоор цочролд орж, нохой, муураа хаяхгүй байхыг анхааруулсан байна. Хэрвээ сэжигтэй санагдвал хамгийн түрүүнд мал эмнэлэгт хандах хэрэгтэйг зөвлөжээ.
Э.Сэмүүн
Эх сурвалж: BBC