Л.Наранбаатар: З.Энхболд хаана нэр дэвшинэ тэр газарт нь очиж нэр дэвшинэ
Эдийн засагч Л.Наранбаатар УИХ-ын дарга болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын албан тушаал хашиж байсан З.Энхболдыг Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, прокурорын байгууллагад шалгуулах гэж байгаа талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тэрбээр “З.Энхболд нь өндөр албан тушаалын эрх мэдлийг ашиглан хамаарал бүхий компаниудаар дамжуулж, нийтийн эрх ашгийг хохироосон байж болзошгүй гэх хэргийг АТГ, ТЕГ, прокурорт өгөхөөр материалаа бэлдсэн” хэмээв.
Бичлэг:
Мэдээллийг Л.Наранбаатарын хэлснээр хүргэе.
“Страто”
“Страто” компанийн Гүйцэтгэх захирал А.Баттүшиг нь З.Энхболдын төрсөн дүү З.Хишигтогтохтой нь бизнесийн хамааралтай. З.Хишигтогтох нь А.Баттүшигтэй хоёр компани хамтран эзэмшдэг. Түүгээр зогсохгүй хоёр компанийн оффис нь нэг дор бий.
“Страто” нь 2018 оны тавдугаар сард 1.5 сая тонн нүүрс боловсруулах хүчин чадалтай үйлдвэрийг ашиглалтад оруулсан бол ТЭЗҮ нь тухайн оны арванхоёрдугаар сард гарсан байна. Хувь эзэмшлийг нь харвал 50 хувь нь Хятадын хөрөнгө оруулалтай компанийнх, харин 37 хувийг А.Баттүшиг эзэмшдэг. 37 хувь гэдэг бол хяналтын багц бөгөөд компанийн бүх зүйлийг удирдана гэсэн үг. Энэ компани сард Тавантолгойгоос 50 мянган тонн нүүрс авч угаадаг.
Эдийн засгийн тооцооллоор үзвэл жилд 1.5 сая тонн нүүрс угааж бэлдэхэд 740 орчим тэрбум төгрөг болно. Одоогоор үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлж, жилд 4.5 сая тонн нүүрс угаадаг болохоор бэлтгэж байгаа. Хэрэв ингэвэл жилийн орлого нь 2.1 их наяд төгрөг болно.
“Хишиг арвин”
Ардчилсан хүчний холбоог З.Энхболд, З.Хишигтогтох, н.Тулгат нар үүсгэн байгуулжээ. н.Тулгат нь 2013 онд “Хишиг арвин” компанийн Гүйцэтгэх захирлаар нь томилогдсон. Бизнессийн байгуулагын Гүйцэтгэх захирлаар улс төрийн байгууллагын хүн томилогдсон нь эрүүл бус үзэгдэл гэж харагдаж байна. Энэ компани 2013 оноос хойш хамгийн багадаа 3 их наяд төгрөгийн орлогыг “Эрдэнэс Тавантолгой”-гоос олсон. Үүнд аудит хийлгэхийг шаардаж байгаа.
“Суруга Монгол”
“Суруга Монгол” компанийн захирал, Япон улсын иргэн гэмт хэрэгт гүтгэгдэн, гэм буруугүй нь тогтоогдож, нутаг буцахдаа компаниа Монголын нөлөө бүхий этгээдүүдэд шилжүүлсэн байдаг. Түүний эзэмшиж байсан газарт нэр бүхий орон сууцны хороолол баригдсан. Уг хорооллын таван байрны наймдугаар давхрууд бүхэлдээ З.Хишигтогтохын нэр дээр байна. 4-5 тэрбумын үнэлгээтэй орон сууцууд. Үүний шалтгааныг хууль хяналтын байгууллагууд тогтоох хэрэгтэй.
Мэдээллийн дараагаар тэрбээр сэтгүүлчдийн зарим асуултад хариулав.
-“Страто” компани нь түүхий нүүрсийг угааж, нэмэгдсэн өртөг шингээн гаргаж байгаа нь дотоодын эдийн засагт сайн хэрэг юм биш үү?
-Энэ бол үндэсний компани биш. Хятадын хөрөнгө оруулалттай компани. “Эрдэнэс Тавантолгой” компани дээр баяжуулах үйлдвэр барих асуудал яригдах бүрт З.Энхболд улс төр хийж байна. Баяжуулах үйлдвэр барихгүй байх нь “Страто”-д л ашигтай.
-Та хувийн сэдлээр З.Энхболдтой сөргөлдөөд байгаа мэт харагддаг. Энэ талаар юу гэх вэ?
-Би хувийн сэдлээр биш, хувьцаа эзэмшигч 2.1 сая иргэдийн эрх ашгийн төлөө асуудлыг хөндөж байгаа.
-Их хурлын сонгуульд та нэр дэвших үү?
-Хэрвээ З.Энхболд мэтийн эдийн засгийн алуурчдыг өөгшүүлээд байвал би УИХ-д нэр дэвшинэ. Ингэхдээ энэ хүний хаана нэр дэвших тэр газарт нь очиж нэр дэвшинэ.