Ази гаралтай Америкчууд буу, сум нөөцлөх нь нэмэгджээ

32

Коронавирусийн тахлын улмаас дэлхийн олон оронд хүмүүс ариун цэврийн цаас, хүнсний бараа нөөцлөх үзэгдэл гарч байгаа. Тэгвэл Америкчуудын хувьд бас нэг нөөцөлж байгаа чухал зүйл нь галт зэвсэг болоод байна. Сүүлийн сар орчим хугацаанд АНУ-д галт зэвсэг, сумны борлуулалт огцом нэмэгдсэн нь тахалтай холбоотойгоор нийгэмд эмх замбараагүй байдал үүсэхээс хүмүүс болгоомжилж байгаагийн илрэл гэнэ. Тухайлбал бууны сумны онлайн худалдааны ammo.com сайтын борлуулалт энэ сард 276 хувиар өссөн тухай мэдээлжээ. Зарим орон нутгийн хэвлэлүүд галт зэвсэг борлуулдаг дэлгүүрүүдийн гадаа урт дараалал үүсээд байгааг мэдээлсэн байна. Коронавирусийн халдвар хамгийн өндөр байгаа Калифорни, Вашингтон мужуудад анх удаа буу, сум худалдаж авч байгаа иргэдийн тоо нэмэгдсэний дотор Ази гаралтай Америкчууд олон байгаа гэнэ.

Хятадын Ухань хотоос гаралтай шинэ коронавирусийн улмаас нийгэмд Ази гаралтай хүмүүсийг гадуурхах, дээрэлхэх үзэгдэл нэмэгдэж болзошгүй гэсэн айдас ингэхэд хүргэжээ. Тахал анх эхэлсэн цагаас хойш АНУ-ын Лос Анжелес, Сан Франциско, Нью Йорк хотуудаас гадна дэлхийн олон хотод Ази хүмүүсийн биед халдсан хэргүүд гарах болсон юм. АНУ-д хамгийн олон буюу 1.5 сая Ази гаралтай иргэдтэй Лос Анжелес хот орчимд галт зэвсгийн эрэлт өндөр байгааг ийм төрлийн худалдаа эрхлэгчид мэдээлжээ. Дональд Трампыг улс орондоо онц байдал зарласны дараа анх удаа галт зэвсэг худалдан авагчид нийт үйлчлүүлэгчдийн 80-90 хувь болсны нэлээд хэсэг нь Хятад, Вьетнам, Филиппин, Япон гаралтай хүмүүс байгааг нэг дэлгүүрийн эзэн ярьжээ. Саяхан Лос Анжелес хотын захиргаа коронавирусийн халдвар шоронд дэгдэхээс сэргийлж, хөнгөн гэмт хэргээр шийтгүүлсэн 600 гаруй хоригдлыг сулласан юм. Үүний улмаас орон гэр, ажлын байраа гэмт хэрэгтнүүдээс хамгаалах хэрэгцээ мөн нэмэгдсэн гэж ажиглагчид үзэж байна.     

Р.Төмөр

Эх сурвалж: ABC News   

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.