Apple: iPhone шинэ загварынхаа танилцуулгыг нэг сараар хойшлуулжээ
АНУ-ын "Apple” компани "iPhone” ухаалаг утасны шинэ загварынхаа танилцуулгыг ирэх аравдугаар сар хүртэл хойшлуулжээ.
Шинэ төрлийн коронавирусний цар тахал "Apple” компанийн үйлдвэрүүдийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, үйлдвэрлэл зогсоход хүргээд байна. Тиймээс тус компанийн удирдлагууд ухаалаг утасны шинэ цувралыг танилцуулах арга хэмжээг хойшлуулах шийдвэр гаргажээ. Уламжлал ёсоор тус компани шинэ загваруудаа есдүгээр сарын дунд үед танилцуулж, тухайн сардаа багтаан худалдаан гаргадаг.
Энэ жил "Apple” компани iPhone 12 болон iPhone 12 Pro хоёр загварыг танилцуулахаар төлөвлөж байна.
АНУ-ын Калифорни мужийн Купертино хотод төвтэй "Apple” компани 1976 онд байгуулагджээ. Дэлхийд томоохонд тооцогддог тус корпорацын зах зээлийн үнэлгээ 2018 оны намар нэг их наяд ам.долларыг давсан юм.