Хоёр иргэнийг хутгалаад зугтсан этгээдийг баривчилжээ
Нийслэлийн Хан-Уул дүүрэгт бусдыг хутгалж амь насыг нь хохироогоод, хэргийн газраас оргон зайлсан этгээдийг Эрүүгийн цагдаагийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж, баривчилсан байна.
Хэрэг өчигдөр буюу тавдугаар сарын оройн 20.00 цагийн орчимд гарсан бөгөөд Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд байрлах “Буянт-Ухаа” хорооллын орчимд үйлдэгджээ. Тус хорооллын хойд талаас, тодорхой оршин суух хаяггүй 44 настай эрэгтэй С болон 50 настай эрэгтэй М нар хутгалуулсан байдалтай олдсон байна.
Улмаар шархадсан иргэдийг дүүргийн нэгдсэн эмнэлэгт хүргэсэн боловч нэг иргэн шархаа даалгүй амьсгал хураажээ. Хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж, эд мөрийн баримтаар хар өнгийн хутга хураан авчээ. Харин сэжигтэй этгээд хэргийн газраас оргон зайлсныг эрэн сурвалжилж, Дорнод аймгийн харьяат 36 настай М гэгчийг баривчилсан байна.
Амьд үлдсэн нэг иргэний биеийн байдал хүндэвтэр байгаа ба хэвлийн тус газраа хутгалуулсан байжээ. Хэргийг Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.