Европын холбоо: AstraZeneca вакцины үр дүн өндөр тул дархлаажуулалтыг үргэлжлүүлж болно

444

 

Европын холбоо: AstraZeneca вакцины үр дүн өндөр тул дархлаажуулалтыг үргэлжлүүлж болно

 

Б.ДОЛЖИНЖАВ

Дэлхийн олон оронд COVID-19 эсрэг вакцинжуулалт хурдацтай үргэлжилж байна. Үүнтэй холбоотойгоор AstraZeneca вакцин цусны бүлэгнэл үүсгэсний улмаас зарим орон хэрэглэхийг хориглолоо гэсэн мэдээлэл пүрэв гаригт цацагдсан нь  хамгийн их шуугиан тарив. Гэвч зарим хүнд илэрсэн цусны бүлэгнэл нь вакцинтай холбоотой гэсэн нотолгоо олдоогүйг Европын холбоо болон Английн Анагаах ухааны төв баталлаа.

Вакцинжуулалтад хамрагдсан хүмүүсээс зарим хүнд цус бүлэгнэх хариу урвал илэрсэн тул Дани, Норвеги, Исланд гэсэн Европын орнууд AstraZeneca вакциныг хэрэглэхийг түр зогсоож байгаагаа пүрэв гаригт зарласан. Үүний дараагаар Тайвань улс тус вакцинд бүх хүн амаа хамруулахаа цуцалснаа мэдэгдсэн юм. Мөн Австри, Итали улс тодорхойгүй шалтгаанаар AstraZeneca вакцинжуулалтыг хойшлуулсан юм.

Гэвч Европын Эмийн  агентлаг (EMA)-аас цөөн хүнд илэрсэн цусны бүлэгнэл нь вакцинтай холбоогүй гэдгийг баталж, үр дүн нь эрсдэлээсээ өндөр тул үргэлжлүүлэн хэрэглэхийг зөвлөсөн юм. Мөн Английн эм болон эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг зохицуулах агентлаг (MHRA) AstraZeneca вакцин аюулгүй тул дархлаажуулалтыш үргэлжлүүлэх хэрэгтэй гэсэн юм. Түүнчлэн таван сая Европ хүн AstraZeneca вакцин тариулснаас 30 хүнд нь дээрх шинж тэмдэг илэрчээ. Норвеги улсад цөөн хүнд цус бүлэгнэх шинж тэмдэг илэрсэн нь суурь өвчтэй ахмад настан байв.

Мөн "AstraZeneca” компани цусны бүлэгнэл нь вакцинаас үүдэлтэй гэсэн нотолгоо байхгүйг судалгаагаар баталснаа баасан гаригт зарласан юм. Энэ тухай "AstraZeneca вакциныг тариулсан 10 сая гаруй хүнд вакцинаас болж цус бүлэгнэх шинж тэмдэг илэрлээ гэсэн мэдээлэл батлагдаагүй. Дээрх шинж тэмдэг илэрсэн гэсэн тохиолдол нь вакцинд хамрагдсан нийт хүн амтай харьцуулахад тун бага” гэж тус компани мэдэгдсэн юм.

Испани улс 55-65 насны ахмадуудаа вакцинжуулахаа хориглосон. Гэвч Нидерландын Эрүүл мэндийн сайд Уго де Жонге "AstraZeneca вакцины дархлаажуулалтыг зогсоох, аюулгүй байдалд нь санаа зовних шалтгаан байхгүй” гэсэн юм.Эдгээрээс үл хамааран вакцинжуулалт эмнэлэгт хэвтэх эрсдэлийг бууруулж байгааг дэлхийн олон орон онцолж байна. Харин Герман, Франц, Англи, Мексик улсууд вакцины аюулгүй байдалд итгэлтэй байгаагаа зарлаж иргэдээ тайвшруулан, вакцинжуулалтаа үргэлжлүүлсэн.

Гэвч дээрх мэдээлэл цацагдсаны дараа AstraZeneca вакцины  эрэлт багасчээ. Одоогийн байдлаар Дани, Польш улс хүлээн авах вакцины тунг багасгахаар шийдсэн байна.

Эх сурвалж:CNN


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>