Бид цахим ертөнц хурдацтай хөгжсөн XXI зуунд амьдарч байна. Техник технологийн хөгжил дээд цэгтээ хүрч, интернэт, үүрэн холбоо бидний амьдралын салшгүй нэг хэсэг болсон гэхэд хэлсдэхгүй. Энэ нь нэг талаар сайн боловч саар зүйлсийг ч дагуулсаар байна. Үүний жишээ нь бидний эрүүл мэнд. Цар тахалтай холбоотойгоор их дээд, Ерөнхий боловсролын сургуулиуд танхим болон цахим хичээлийг хослуулж байгаа билээ. Эндээс үүдэлтэй дэлгэцийн донтолт, хараа муудах, мэдрэлийн ядаргаа гэсэн оноштой хүүхдүүд нэмэгдсээр байгааг эрүүл мэндийн салбарынхан онцолж байв. Мөн хүүхдүүдийн дунд сонсгол муудах, чихний хэнгэрэг хагарах, дүлийрэх эмгэг их байгаа тухай "Энх чагнуур” чих хамар хоолойн эмнэлэгийн их эмч А.Ариунжаргал ярьж байна. Тэрбээр "Сүүлийн жилүүдэд манай эмнэлэгт 13-26 насны залуус их хандаж байна. Шалтгаан нь сонсголын эрхтэн гэмтсэн, хэнгэрэг хагарсан. Үүнийг судлаад үзэхэд бидний өдөр тутмын хэрэглээ болсон чихэвчнээс үүдэлтэй нь тогтоогддог. Учир нь ялангуяа өсвөр насны хүүхдүүд чихэвчээр хэт удаан сонсч байна. Энэ нь чих төдийгүй сэтгэцэд нь муугаар нөлөөлдөг.
Хүний сонсгол нэг л муудсан бол дахин сэргэхэд хэцүү. Бараг боломж байдаггүй. Харин үлдсэн сонсголоо хэрхэн энэ хэвээр нь өвч үлдэх вэ гэсэн л эмчилгээ бий” гэсэн юм.
Сурагчдын 80 хувь нь байнга чихэвч хэрэглэдэг
Хүний сонсголын эрхтэн 16-20.00 гц-ийн давтамжтай дууг хүлээн авч, мэдрэх чадвартай байдаг. Харин хүмүүсийн харилцан ярианы түвшин дунджаар 60 дебицел байдаг ажээ. Гэтэл МР тоглуулагч, гар утасны хөгжмийн аппликейшн 120 дебицел байдаг юм байна. Үүний хажууд машины чимээ 75, онгоцны буух үеийн чимээ нь 110 дебицел байх жишээтэй. Тэгэхээр энэ хэмжээний дуу чимээг уг нь сонсголын эрхтэн маань хүлээж авах чадваргүй. Гэтэл бид чихэвчээ зүүгээд орчноос тасардаг. Үүний ард бид эрүүл мэндээрээ чимээгүй хохирсоор байна. Тэгвэл саяхан эрүүл мэндийн байгууллагуудын нэгдсэн судалгаа гарчээ. Үүнд Ерөнхий боловсролын 70000 сурагч оролцсоноос 80 хувь нь байнга чихэвч зүүдэг гэсэн хариултыг дугуйлжээ. Тэдгээр хүүхдэд эрүүл мэндийн үзлэг хийхэд 39 хувь нь сонсгол болон сэтгэцийн өөрчлөлттэй гэж гарчээ. Тэгэхээр бидний ирээдүй болсон хүүхдүүд дүлийрэх магадлал өндөр байна.
"Цахим хичээлтэй өдрөө хоёроос илүү цаг чихэвч зүүдэг”
Их эмч Б.Батнасан "Хүмүүс ядрахаараа сайхан хөгжим сонсоно гээд чихэвч зүүх нь ажиглагддаг. Энэ нь тун буруу юм. Учир нь чихэвчээр хөгжим сонссоноор хүн улам ядардаг. Тэнд очиж буй чимээний долгион шууд тархируу ачаалал өгч байгаа юм. Тиймээс ядарсан үедээ аль болох чимээнээс хол байж тархиа амраах нь чухал. Сүүлийн үед чихэвч нь зүүлттэй байх үедээ буудсан, гар утас нь халсны улмаас дэлбэрсэн гэсэн мэдээлэл их гарах боллоо. Энэ бол өдөрт талх шиг зарагддаг хятад чихэвчнээс л үүдэлтэй юм” гэв. Үнэхээр хаашаа л харна дэлгэц ширтэж, чихэвч зүүсэн өсвөр үеийнхэн. Тэд өдөрт дунджаар 2-3 цаг чихэвч зүүдэг гэж ярих. Нийслэлийн 12 дугаар сургуулийн наймдугаар ангийн сурагч Б.Гэрэлмаа "Би өдөрт хоёр цаг чихэвч зүүдэг. Ялангуяа цахим хичээлтэй өдөр үүнээс ч удаан зүүх тохиолдол бий. Мөн завтай үедээ утаснаасаа кино үздэг. Ер нь гар утас, чихэвч миний өдөр тутмын амьдралд чухал хэрэгцээ болоод удаж байна” гэсэн юм. Харин 76 дугаар сургуулийн 10 дугаар ангийн сурагч Б.Бат-Ундрал "Би сардаа 2-3 чихэвч хэрэглэдэг. Учир нь чихэвчний утас их нарийхан болохоор амархан тасарчихаад байдаг юм. Гэртээ байх үедээ байнга л чихэвч зүүж, бичлэг үздэг” гэв. Чихэвчний хэрэглээний талаар хоёрхон хүүхдээс асуухад л ийм хариулт өгч байх юм.
Хүн хоёр цаг тасралтгүй чихэвчээр юм сонсоход зургаан цаг ажилласантай тэнцэхүйц ачаалал авдаг юм байна. Тэгэхээр өсвөр үеийнхэн маань үүнийгээ ч мэдэхгүй хятад чихэвчний уршгийг эрүүл мэндээрээ төлж байгаа нь эмгэнэлтэй.
Хятадууд өөрсдийн үйлдвэрлэсэн чихэвчийг хэрэглэдэггүй
Манай хилээр Хятад болон Герман, Солонгос улсаас ихэвчлэн чихэвч орж ирдэг гэж албаны хүн мэдээлэл өгсөн юм. Үүнээс хамгийн хямд нь Хятадынх. Хоёр жилийн өмнө 3000-5000 төгрөгийн үнэтэй байсан чихэвч өнөөдөр доод тал нь 7000 төгрөг болж өссөн байна. Харин Герман, Солонгос чихэвч арай үнэтэй, дуу намсгагчтай байдаг гэж дэлгүүрийн худалдагчид ярьж байв. "Sanday” худалдааны төвийн худалдагч "Манайх хоёр төрлийн чихэвч зардаг. Үйлчлүүлэгчдийн маань ихэнх нь өсвөр насны хүүхдүүд байдаг. Тэд хямдыг нь бодоод нарийн утастай Хятад чихэвч л авдаг юм. Уг нь 5000 гэдэг байсан боловч бөөний үнэ нь нэмэгдсэн шалтгаанаар үнээ нэмэхээс өөр аргагүй боллоо” гэсэн юм. Тэгвэл чихэвч хэрхэн бүтдэг вэ. Энэ тухай судлаад үзэхэд Хятадууд чихэвчийг гялгар уутаар хийдэг юмс байна. Байгууллагуудын хаягдал гялгар уутыг хайлуулж, дотуур нь дуу дамжуулах нарийн утсыг гүйлгэснээр өнөөгийн бидний хэрэглээ болсон чихэвч мэндэлдэг ажээ. Хамгийн гол нь Хятадууд өөрсдийн үйлдвэрлэсэн чихэвчээ хэрэглэдэггүй нь ийм учиртай. Ихэвчлэн Герман технологиор бүтсэн дуу намсгагчтай чихэвчийг хэрэглээндээ нэвтрүүлээд удаж байгаа юм байна. Хэдэн жилийн өмнө чихэвч үйлдвэрлэдэг хэд, хэдэн компанийн эрхийг түтгэлзүүлсэн гэх мэдээлэл байх. Гэвч өнөөдөр манай зах зээл дээр Хятадаас орж ирсэн чихэвч эрэлттэй хэвээр л байна. Гэтэл гялгар уутыг бид хэрэглээнээс хасъя гээд яриад л байгаа. Үнэндээ ажил хэрэг болсон жишээ алга. Гэтэл бүр хорт хавдар үүсгээд байгаа гялгар уут маань бидний сонсголд хүртэл сөргөөр нөлөөлж байна.
Дэлхийн жишиг: 30 минут чихэвч зүүсэн бол хоёр цаг тархиа амраа
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвлөмж гаргажээ. Үүнд 30 минут чихэвч зүүсэн бол хоёр цаг тархиа амраа гэж заасан байна. Дэлхий нийт, хэвлэл мэдээллийн байгууллагууд энэ зарчмын дагуу ажиллах болжээ. Германы эрдэмтэд чихэвчний хөгжим сонсдог, мөн шуугиантай үйлдвэрт ажилладаг хүмүүсийн дунд харьцуулалт хийжээ. Тэгэхэд байнга хөгжим сонсдог хүмүүсийн сонсголын бууралт шуугиантай үйлдвэрт ажиллагсдаас хамаагүй их байгаа нь тогтоогджээ. Мөн АНУ-ын эрдэмтдийн хийсэн судалгаагаар тус улсын таван хүүхэд тутмын нэгнийх нь сонсгол муудсан болохыг тогтоожээ.Тиймээс Америкчууд чихэнд шигдэж ордог чихэвчнээс татгалзах болжээ. Үүний оронд дуу намсгагчтай, зөөлөвчтэй чихэвч хэрэглэх болоод удаж байна. Ийнхүү дэлхий нийт хятад чихэвчнээс татгалзаж байхад манай улс ч үүнийг ажил хэрэг болгох цаг иржээ. Манай эмч нарын хийсэн судалгаагаар байнга чихэвч зүүвэл дүлийрэх магадлал 70 хувтьтай гэнэ. Тиймээс хятад чихэвчийг хэрэглээнээс хасч , өсвөр үеийнхнийхээ эрүүл мэндийг хамгаалахад анхаарлаа хандуулъя.
Ч.Гантулга
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин