Газрын тосны үнэ 135 ам.доллар болж, өсөх төлөвтэй

87

Газрын тосны үнэ 135 ам.доллар болж, өсөх төлөвтэй

 

2022 оны хоёрдугаар хагаст Brent төрлийн газрын тосны үнэ нэг баррель нь 135 ам.долларт хүрэх төлөвтэй байна. Энэ нь дэлхийн зах зээл дээрх нийлүүлэлт багасахтай холбоотой гэж "IHS Markit” агентлагийн тайланд дурджээ.

Энэ төрлийн газрын тосны үнэ одоогоор 110 ам.доллар байна. Гуравдугаар улиралд нэг баррель газрын тос 136.3 ам.доллар болж, өсөх төлөвтэй байна гэж тус агентлагийн шинжээчид таамаглаж байна. Газрын тосны үйлдвэрлэлд нөлөөлж буй хүчин зүйлсэд хориг арга хэмжээний улмаас ОХУ газрын тосны олборлолтоо бууруулснаас гадна Ираны цөмийн хэлэлцээр байгуулагдах магадлал бага байгаа тул Ираны газрын тос дэлхийн зах зээлд орж ирэхгүй гэж шинжээчид үзэж байна. Түүнчлэн, ОПЕК+ орнууд чөлөөт олборлолтын хүчин чадлаа багасгахтай холбоотой.

2022 оны хоёрдугаар улирлын байдлаар, ОПЕК+ орнуудын олборлолтын хүчин чадал хоногт 2.7 сая баррель байсан гэж "IHS Markit” агентлаг тооцоолжээ. Харин оны сүүлээр энэ үзүүлэлт 1.8 сая баррель болж буурна гэж үзэж байна. Ингэхдээ зөвхөн Саудын Араб болон Арабын Нэгдсэн Эмирт Улс газрын тосны олборлолтоо нэмэгдүүлэх боломжоо хадгалж үлдэнэ. Тус агентлагийн шинжээчид мөн дэлхийн газрын тосны зах зээл өөрчлөгдөж буйг анхааруулж байна.

Орос, Иран, Венесуэлийн хар алт гарал үүслээсээ болж хямд үнээр борлогдож байна. Энэ нь газрын тосны зах зээл хуваагдаж буйн шинж тэмдэг гэж "IHS Markit” агентлагийн шинжээчид үзэж байна. "Бидний мэддэг газрын тосны зах зээл үгүй болсон” гэж тэд дүгнэжээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.