Нарны хиртэл жил бүр багадаа 2 удаа болдог
Нар хиртэх схемийг дээрх зургаас харж болно
Нарны гэрэл саран дээр тусах үед түүний эсрэг тал руу конус хэлбэрийн сүүдэр үүснэ. Сүүдрийн урт, хэмжээ нь Сар болон дэлхийн хоорондох зайнаас хамаардаг. Үүнтэй холбоотой нарны хиртлийг бүтэн хиртэл, хагас хиртэл, цагираг хиртэл, холимог хиртэл гэсэн төрлүүдэд хуваана. Хиртэл гэдэг нь астрономийн үзэгдэл бөгөөд нэг биет нөгөөгөө халхлах үзэгдэл юм. Нарны хиртэл жил тутам зайлшгүй 2 удаа (хоёр бэлчрийн цэгийн орчим) болох ба 4-5 удаа ч хиртэл явагдах тохиолдол бий.
Нарны бүтэн хиртэл
Сарны сүүдрийн конус дэлхийн гадаргад хүрч буй үед болж буй хиртлийг нарны бүтэн хиртэл гэнэ. Энэ үед нарыг Сар бүтэн халхлахаар ойрхон байх болно. Сарны сүүдэр тусах дэлхийн гадаргын нарийхан зурвас дотор л нарны бүтэн хиртэл ажиглагдана. Дэлхийн гадаргын янз бүрийн цэг дээрээс нарны хиртлийн дүрс хэлбэр янз бүр байх бөгөөд Сарны сүүдрийн конус дотор байгаа ажиглагчид нарны тэргэл бүрэн халхлагдана. Нарны бүтэн хиртлийн үед Сар нь нарыг бүтнээр нь хаах бөгөөд энэ үед харанхуй болж одод харагдаж нарны титэм тод үзэгддэг юм. Сар дэлхийг тойрон эргэдэг, дэлхий өөрийн тэнхлэгээр эргэлддэг зэргээс үндэслэн сарны сүүдэр гадарга дээгүүр ойролцоогоор баруунаас зүүн тийш өргөнөөрөө дунджаар 200 км орчим, уртаараа хэдэн мянган км зурвас үүсгэн нүүн шилжинэ. Сарны сүүдрийн дэлхийн гадаргаар нүүх хөдөлгөөний хамгийн бага хурд 1 км/с гаруй байна. Нарны бүтэн хиртлийн үед тойрог зам дээр байгаа сансрын нисэгч дэлхийн гадаргаар нүүж буй сарны сүүдрийг ажиглаж болох талтай. Бүтэн хиртэл хамгийн удаан нь сүүдрийн диаметр хамгийн их байх үед экваторын орчмын нутгуудад 7 мин 31 сек үргэлжилнэ. Ийм хиртэл маш ховор тохиолдоно.
Нарны бүтэн хиртэл
Нарны хагас хиртэл
Сарны сүүдрийн конусын үргэлжлэл дэлхийн гадаргыг огтлохгүй харин сарны хагас сүүдэр дэлхийн гадаргад хүрч буй үед болж буй хиртлийг нарны хагас хиртэл гэнэ. Дэлхийн гадарга дээрх сарны сүүдрийн диаметр нь тухайн үед Дэлхий, Сар хоёр ямар зайд оршиж байгаагаас шалтгаалан янз бүр байж болох боловч ер нь 270 км-с ихгүй байна. Харин сарны давхар (хагас) сүүдэр тусч буй дэлхийн гадаргын хэсэг буюу сарны давхар сүүдэр гэж нэрлэгдэх конусын дотор нарны хагас хиртэл ажиглагдана. Өөрөөр хэлбэл, энэ үед нарны тэргэлийн зөвхөн хэсгийг Сар халхална. Ажиглагч сүүдрийн зурвасын гол тэнхлэг тийш хичнээн ойртох тутам нарны тэргэлийн халхлагдах хугацаа төчнөөн их болно. Нарны хагас хиртлийн үед Сар нь нарны тэргэлээр яг төвөөр нь бус харин түүний зөвхөн хэсгийг л халхлан дайран өнгөрнө. Энэ үед нарны бүтэн хиртлийн үеийнхийг бодвол тэнгэр өчүүхэн бага бүүдийх бөгөөд харин одод харагдахгүй.
Нарны хагас хиртэл
Нарны цагариг хүрээтэй хиртэл
Сар нарыг бүтнээр нь халхлахааргүй дэлхийгээс хол оршиж байх үед буюу сарны сүүдрийн конусын үргэлжлэл дэлхийн гадаргад хүрч буй үед болж байгаа хиртлийг нарны цагариг хүрээтэй хиртэл гэнэ. Сарнаас дэлхий хүртэлх зай 363300-405500 км хүртэл өөрчлөгддөг. Сарны бүтэн сүүдрийн урт дунджаар 374000 км байдаг тул сарны сүүдрийн конусын орой заримдаа дэлхийн гадаргад хүрдэггүй. Энэ тохиолдолд сарны сүүдрийн тэнхлэгийн ойролцоо байгаа хүмүүст нарны цагариг хэлбэрийн хиртэл ажиглагдана. Нарны цагариг хүрээтэй хиртэл ч гэж ярьдаг. Өөрөөр хэлбэл, энэ үед нарны тэргэлийн зах нь халхлагдахгүй бөгөөд сарны хар дугуйн гадуур нарийхан гэрэлт цагариг хүрээлэн харагддаг. Нарны хиртэл дэлхийн гадаргын янз бүрийн цэгт янз бүрийн цагт ажиглагдана.
Нарны цагариг хүрээт хиртэл
Ийм хиртэл нарны тэргэлийг Сар арай бүтэн хаагаагүй байх тохиолдолд болно. Цагариг хүрээт хиртлийн үед тэнгэр гэрэлтэй байх бөгөөд од харагдахгүй, нарны титмийг ажиглах боломжгүй байна.
Нарны холимог хиртэл
Хиртлийн зурвасын янз бүрийн хэсэгт нэг хиртэл бүтэн хиртлийн байдлаар, эсвэл цагариг хүрээтэй хиртэл байдлаар ажиглагдаж болно. Ийм хиртлийг цагариг хүрээт бүтэн хиртэл буюу холимог хиртэл гэнэ. Өөрөөр хэлбэл, сарны сүүдрийн конусын орой хиртлийн явцад дэлхийн гадаргыг хиртлийн төв шугам дээр огтолж байгаа хиртлийг нарны холимог хиртэл гэнэ. Тийм эгшинд хиртлийн төрөл өөрчлөгдөж бүтэн хиртлээс цагариг хүрээт хиртэлд, эсвэл цагариг хүрээт хиртлээс бүтэн хиртэл болон өөрчлөгдөж болно. Холимог хиртэл нь ихэвчлэн төрлөө 2 дахин солино. Хиртлийн эхлэх ба төгсөх үед цагариг хүрээтэй хиртэл ажиглагдах ба сарны сүүдрийн замын дундад хэсэгт нарны бүтэн хиртэл ажиглагдана. Нар хиртэх үзэгдэл зөвхөн Нар, Сар хоёр тохиох үед буюу билгийн монгол тооллын шинийн нэгэнд л болно.
Нарны бүтэн хиртлийн үед ажиглагдсан алмаазан шигтгээт бөгж
Нарны бүтэн хиртэл эхлэх буюу төгсөх эгшинд нарны туяа сарны тэргэлийн захад байгаа уулсын хоорондох хөндийгөөр нэвтрэх үед гялалзан туяарсан алмаазан шигтгээтэй бөгж мэт гэрэл гарах гоёмсог үзэгдэл ажиглагддаг билээ. Ийм дүрсийг алмаазан шигтгээтэй бөгж гэж нэрлэх болжээ. Энэ бол дөнгөж 2 секунд орчим л үргэлжилдэг ховор үзэгдэл юм.