Монголд ирэх гэж байгаа алдарт стриймэр IShowSpeed гэж хэн бэ?

96

Монголд ирэх гэж байгаа алдарт стриймэр IShowSpeed гэж хэн бэ?

 

Дэлхийд алдартай стриймер IShowSpeed мягмар гарагт /2025.03.18/ өөрийн сошиал хаягууд дээрээ БНХАУ болон Монгол Улсад аялж, стрийм хийнэ гэдгээ мэдэгдсэн бичлэг байрлуулсан байна. “Хятад, би очиж байна шүү” гэсэн тайлбартай тэрхүү бичлэгийн төгсгөлд “IShowSpeed Азийн аялал, Хятад, Монгол” гэсэн бичиг байсан юм. “Social Blade” сайтаас харвал тэр Youtube дээр 36.8 сая захиалагчтай, бичлэгүүд нь 3.6 тэрбум хандалт авсан байна. Харин Instagram дээр IShowSpeed 29.9 сая, Facebook дээр 2.6 сая, Twitch дээр 382 мянган дагагчтай юм.

Тэгвэл IShowSpeed гэж хэн бэ?

Интернэтэд IShowSpeed болон Speed нэрээрээ алдаршсан Дэррон Жэйсон Уоткинс Жуниор нь 2005 оны нэгдүгээр сарын 21-нд Охайо мужийн Синсинатти хотод төржээ. Фэнүүд нь түүний стриймийн хэсгээс тастаж, TikTok дээр нийтэлж эхэлсний дараа Speed олны анхааралд өртөж эхэлсэн байна.

Speed-ийн Youtube суваг 2021 оны дөрөвдүгээр сард 100 мянган захиалагчтай болж түүнээс хойш хурдацтай өсөн хоёр сарын дараа нэг сая захиалагч хүрсэн юм. Тэр “Talking Ben”, “NBA 2k”, “Fortnite” гэх мэт олон төрлийн видео тоглоом тоголж буйгаа стрийм хийж хошин үг, үйлдэл гаргадаг тул сошиал платформууд дээр дагагчид нь хурдацтай нэмэгдсэн.

2022 оны долоодугаар сард Speed-ийн суваг арван сая захиалагчтай болсон байна. Тус жилийн арванхоёрдугаар сард Speed “Streamy Awards”-аас хамгийн хурдацтай нэрд гарсан стриймерийн шагналыг авсан юм. “Streamy Awards” нь Лос-Анжелес хотноо зохион байгууллагддаг, тухай жилийн шилдэг стриймерүүдийг шалгаруулдаг ёслол.

Үүнээс гадна тухайн жил Speed оны шилдэг стриймерийн шагналд нэр дэвшсэн байна. 2023 оны “Streamy Awards” дээр оны шилдэг стриймер, олон төрлийн контентийн стриймерийн шагналд нэр дэвшсэн юм. Тэр олон төрлийн контентийн стриймерийн шагналд ялсан. 2024 онд Speed шилдэг стриймер, шилдэг олон улсын стриймер, шилдэг IRL (Яг одоо хийж буй зүйлээ стрийм хийх) стриймерийн шагналыг авчээ.

2023 оны тавдугаар сард Speed өөр нэг стриймер Кай Сенаттай хамтран дүрс бичлэг хуваалцдаг “Rumble” платформтой зөвхөн “Rumble” дээр стрийм хийх гэрээ байгуулсан юм. 2023 оны наймдугаар сард түүний Youtube суваг 20 сая захиалагч хүржээ. 2024 оны сүүлээр тэр дэлхийн улс орнуудаар аялж стрийм хийж эхэлсэн юм. Өнгөрсөн оны есдүгээр сард Speed Зүүн Өмнөд Азийн долоон орноор аялж стрийм хийсэн байна.

Одоо тэр Youtube дээр 36.8 сая захиалагчтай. Speed буяны ажилд санхүүжилт босгон хэд хэдэн үйл ажиллагаанд оролцож, “Come My Way”, “World Cup” гэх мэт дуу гаргасан юм.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>