УИХ-ын гишүүн Г.Уянга: Сая доллар төлж авчирна гэвэл энэ нь эрүүл хүний үйлдэл биш
Дэлхийн супер од Женнифер Лопезийг наадмын нээлтэнд урьж нэг сая доллараар дуулуулна гэх асуудалд цахим ертөнцөөр иргэд эсэргүүцсэн байр суурьтай байна. Тэгвэл дуулиан дэгдээгээд байгаа энэ асуудалд өчигдөр УИХ-ын гишүүд өөрсдийн байр сууриа илэрхийлсэн бөгөөд гишүүдийн ихэнх нь хямрал нүүрлээд байгаа өнөөгийн нөхцөлд дэлхийн супер одыг авчирч мөнгө гарлагдах нь эрүүл сэтгэхүй биш хэмээн мэдэгдлээ.
Тухайлбал УИХ-ын гишүүн Г.Уянга хэлэхдээ "Эмэгтэй гишүүд энэ талаар өнөөдөр ярилцсан. Би хувьдаа огт зөвшөөрөхгүй. Хэрвээ олон нийтийн сүлжээгээр явж байгаа мэдээлэл үнэн бол Женнифер Лопист нэг сая доллар төлөх юм шиг байна. Үнэхээр наадам тэмдэглэхэд төрөөс их хэмжээний мөнгө гаргах гэж байгаа бол хүлээн зөвшөөрөхгүй. Монголд өнөөдөр хөрөнгө оруулалтаар нэг ч цэцэрлэг баталж чадаагүй. Хүүхдүүд цэцэрлэг, сургууль, эмнэлэггүй байна. Асуудал их байхад сая доллар төлж нэг дуучны тоглолт зохион байгуулна гэдэг байж болохгүй. Харин хувийн компани ашиг орлого олох зорилгоор зохион байгуулна гэсэн бол өөр хэрэг. Өнөөдөр эдийн засаг хямарсан байгаа энэ үед гаднын дуучныг сая доллар төлж авчирна гэвэл энэ нь эрүүл хүний үйлдэл биш" гэсэн байрь суурьтай байгаагаа илэрхийллээ.