Ерөнхий сайд үүрэг өгсний дагуу нүүрс экспортлогч компаниуд санал солилцов
Тавантолгойн бүлэг ордын нүүрсийг нэг үнэ, нэгдсэн "нэг цонх”-ны бодлогоор борлуулахад шаардлагатай арга хэмжээг авч, шийдэлд хүрэхийг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат "Эрдэнэс-Таван толгой” ХК, "Энержи Ресурс” ХХК болон орон нутгийн өмчит "Тавантолгой” ХК-иудад үүрэг болгосны дагуу гурван компани санал солилцож эхэллээ.
"Эрдэнэс-Таван толгой” ХК-нь одоогоор зөвхөн Цанхийн Зүүн уурхайгаас олборлолт хийж байгаа бөгөөд "Чалко” компанитай байгуулсан гэрээний дагуу Цанхийн Зүүн уурхайн нүүрсний үнийг 4 индексийн хувь хэмжээний дагуу улирал тутам тогтоож, Чалко компани болон олборлогч TTJVCO компанийн ажил гүйцэтгэсэн төлбөрт нүүрсээ нийлүүлж байна. Тус компани нь 2011 онд Чалко компанитай Нүүрс худалдах, худалдан авах гэрээ, 2015 онд TTJVCo компанитай олборлолтын гэрээг тус тус байгуулсан байдаг.
"Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн борлуулж буй нүүрсний үнэ IV улиралд 32%-иар өссөн, цаашид ч өсөх хандлагатай байгаа бөгөөд ирэх оны нэгдүгээр сараас 44-48 ам.доллар болох төлөвтэй байна. Энэ ондоо багтаан Цанхийн баруун уурхайн үйл ажиллагааг эхлүүлснээр 2012 онд батлагдсан ТЭЗҮ-ийн хүрээнд Баруун Цанхиас нүүрсээ олборлож, зах зээлийн үнээр нүүрсээ борлуулахад бэлэн байна.
Тавантолгойн бүлэг ордны нүүрсийг нэг үнэ, нэгдсэн "нэг цонх”-ны бодлогоор борлуулах ажлыг хэрэгжүүлэх нэг хувилбар нь "Эрдэнэс-Таван толгой” ХК болон орон нутгийн өмчит "Тавантолгой” ХК-иуд өөрсдийн түүхий нүүрсийг "Энержи Ресурс” ХХК-ийн угаах үйлдвэрт баяжуулж экспортлох явдал юм. Гэвч "Эрдэнэс-Таван толгой” ХК болон орон нутгийн өмчит "Тавантолгой” ХК-иудын сайн чанартай нүүрсийг угаан баяжуулахад нүүрсний гарцын чанар хэдэн хувьтай байхаас тус компаниудын үр ашиг шууд хамаарах учраас гарцын асуудлыг хөндөх зайлшгүй шаардлагатай.
"Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн хувьд нүүрсээ зах зээлийн үнээр борлуулах бөгөөд нүүрсний гарцын чанарыг зохих түвшинд нь байлгаж чадах аваас Цанхийн Баруун уурхайн нүүрсээ "Энержи Ресурс” ХХК-д худалдан борлуулах боломжтой. Дашрамд дурдахад, "Эрдэнэс-Таван толгой” ХК 2017 онд ашигтай ажиллаж "Чалко” компанийн өрийг бүрэн төлж барагдуулах бөгөөд улсад тодорхой хэмжээний ашиг орлого төвлөрүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.