Хөхүүртэй айраг биед тустай

876

 

Монголын эсэг идээ Микрофлорын бүтэц, технологийн онцлогоор нь: - 2 бичил биетний бүрэлдэхүүнт хөрөнгө бүхий-тараг, үнээ, хонь, ямааны сүүгээр бүрдэг-олон бүрэлдэхүүнт "айраг”, дэлхийд "кумыс”, "цэгээ”- ингэний сүүний "айраг”, бүх төрлийн малын сүүний "хоормог”, нэрмэлийн хөрөнгө, нэрж "шимийн архи” гаргадаг. Дундад Азид хөрөнгө-хоормог "курунга”, цэгээ- ”шубат”, "чал”, дэлхийд "архи” нь "ракия” гэж тархсан.

Айргийг ширэн хөхүүр, модон хувингийн алинд ч исгэж болох ч хөхүүрт исгэсэн нь илүү амт чанартай байдаг. Хөхүүрийн ширийг уринд идүүлэх, үсий нь хусах, утах зэргээр боловсруулдаг. Ширийг давхарлан эсгэж, хөрсийг дотогш харуулан завсар нь даавуу хавчуулан үдээрээр оёдог. Хөхүүрийг 40-100 литр айрагны багтаамжтай хийдэг. Хөхүүрт хадгалсан айргийг дараа жилийн цагаан сар болон найр хуримаар хэрэглэхэд амт чанараа алдаагүй байдаг юм. Үүний шалтгаан нь хөхүүрийн шир айраг хоёрын хооронд биологийн идэвхит бодис харилцан шимэгдэн боловсорч, хүний ходоод гэдсэнд орохдоо шингэн эм, тэжээл болдог.

Тийм ч  учраас гүүний айраг нь хүний хоол боловсруулах эрхтний олон төрлийн өвчин эмгэгийг анагааж, ходоод, нарийн гэдэсний ажиллагааг идэвхжүүлдэг нь анагаахын судалгаа  шинжил­гээгээр нэгэнт батлагдсан юм. Бидний уудаг айрганд биед чухал амин хүчил зэрэг бодис үлэмж бий. Зөв иссэн айраг, цэгээ нь эмчилгээ сувилгааны ач тустай. Ялангуяа уушгины сүрьеэ өвчний хурц үеийн дараа өвчтөнд өдөрт хагас литрээс хоёр литр айраг уулгавал хоёр сарын дотор биеийн жин нь үлэмж нэмэгдэж, цусны биохимийн үзүүлэлтээр маш сайн болдог.

Айргаараа алдартай Булган аймгийн Сайхан сумынхан амтыг нь сайжруулахын тулд хөрөнгөө өвөрмөц аргаар гарган авдаг. Тухайлбал, хусран гүүний халуун саамыг айргийн ширэн борвинд хийж халуун өдөр моринд ганзагалан давхихад уг саам зайлагдаж өөрөө исэх жишээтэй. Бас намрын айрганд сайтар цэвэрлэсэн ахрын эсгийг хийж 15-20 хоног болгоод авч сүүдэр газар хатаан салхи орохгүйгээр битүүлэн хадгалж хойт жил нь халуун сааманд хийж бүлээд, хөрөнгө гаргаж авна. Мөн айргийн исэлтэд нөлөөлөх нэг чухал зүйл бол бүлэлт юм. Намрын айргийг дэндүү олон бүлбэл шингэрч цайна. Зуны айргийг дутуу бүлбэл хэтэрхий исгэлэн амттай болно. Бүлэлт сайтай айраг долоогоос найман цагт исэж гүйцнэ. 

Харамсалтай нь өнөөдөр жинхэнэ хөхүүрийн айраг тун ховор болжээ. Тэр бүү хэл зарим нь урд хөршөөс арьс шир боловсруулах химийн бодис хадгалдаг цүндгэр хөх савнаас айргаа худалдаалж байна. Энэ нь хорт хавдар, ясны сийрэгжилт зэрэг өвчин үүсгэдэг. Тиймээс үхрийн ширээ хямдаар экспортлохын оронд түүгээрээ хөхүүр хийгээд айргаа уувал урт насалж, эрүүл саруул байна шүү дээ.

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын иргэн Ё.Бямбажав

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>