Байгаль хамгаалагч нар аяны хүрээнд 695 хавх хураажээ

944

Байгаль хамгаалагч нар аяны хүрээнд 695 хавх хураажээ

 

Зэрлэг амьтдад хамгийн их аюул учруулдаг хавхыг хураах, хуулийн хэрэгжилтийг хангах тушаалыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд гаргасан билээ. Үүний дагуу "Хавх булаагүй ууланд хамаг амьтан жаргалтай-3” аяныг Дэлхийн байгаль хамгаалах сангийн (WWF) Монгол дахь хөтөлбөрийн газрын санаачилгаар Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Завхан, Хөвсгөл, Увс зэрэг зургаан аймагтай хамтран амжилттай зохион байгууллаа. Олны талархлыг хүлээсэн энэ ажлын үр дүнгийн талаархи талуудын уулзалт Увс аймагт болов. Уулзалтад Байгаль орчин, аялал жуулчлалын яам, аймгуудын Байгаль орчны газрын дарга, мэргэжилтнүүд, хавх хураах ажлыг хийсэн байгаль хамгаалагчид, байгаль орчны байцаагч нар оролцож хийсэн ажил, цаашид анхаарах зүйлс, Амьтны тухай хуулийн хэрэгжилт гэсэн сэдвүүдээр илтгэл тавьж хэлэлцүүллээ.

 

 

Хавх хураах аян нэг сар үргэлжилжээ. Энэ хугацаанд сумдын байгаль хамгаалагч, байгаль орчны байцаагч нар хяналт, шалгалтын ажлыг зохион байгуулж цөөнгүй зөрчил илрүүлжээ. Хавхыг тарвага агнах зорилгоор ихэвчлэн ууланд тавьдаг. Тиймээс байгаль хамгаалагчдын зарим нь мориор явж иргэдийн хууль бусаар тавьсан хавхыг цуглуулжээ. Нийт 695 хавхыг сарын хугацаанд хураасан байна. Тэдний ярьснаар нэг хавхыг аюулгүй болгосноор дор хаяж 10 амьтны амийг аварч байгаа ажээ.

 

 

Уулзалтын үеэр оролцогчид сонирхол татсан олон санал гаргав. Энэ аяныг бусад аймгуудад сурталчлах, хавхны хэрэглээг багасгах сурталчилгаа хийх шаардлагатай байгааг онцлов. Түүнчлэн ийм аяныг жил бүр зохион байгуулах хэрэгтэйг ч онцлон хэлж байлаа. Учир нь, тэдний хураасан, цуглуулсан 695 хавх бол иргэдийн хууль бусаар тавьсан нийт хавхны 10 хувьд ч хүрэхгүй учраас хавх хураах ажлыг үргэлжлүүлэн хийх хэрэгтэй гэж үзсэн юм.

 

 

Уулзалтын төгсгөлд оролцогчид олон нийт болон шийдвэр гаргагчдад хандаж уриалга гаргажээ. Уриалгад, хавхны эсрэг аяныг үндэсний хэмжээнд үе шаттайгаар зохион байгуулах, амьтан агнах, барихад хориглох хэрэгсэл болох хавхыг хилээр нэвтрүүлэх хориотой барааны жагсаалтад оруулах хүсэлт, албан бичгийг зургаан аймгийн нэрийн өмнөөс гарган Гаалийн ерөнхий газар болон бусад холбогдох талуудад хүргэхээр болжээ. "Хавх булаагүй ууланд хамаг амьтан жаргалтай-3” аянд идэвхтэй оролцсон аймгуудын Байгаль орчны газрыг Дэлхийн байгаль хамгаалах сангийн (WWF) Монгол дахь хөтөлбөрийн газраас мотоциклиор урамшуулсан байна.

 

 

Дашрамд сонирхуулахад, Ховд аймгийн Манхан сумын байгаль хамгаалах "Бөхөн”, "Гүем” экоклубын сурагчид Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын дэмжлэгтэйгээр "Хавх булаагүй ууланд хамаг амьтан жаргалтай” аяныг анх санаачлан амжилттай зохион байгуулсан билээ. Хүүхдүүд хавханд ирвэс зэрэг ховор зэрлэг амьтад орж хөлгүй болж байгааг малчдад тайлбарласан төдийгүй тэдэнд хэрэгтэй тогоо, бидон, түмпэн зэрэг ахуйн хэрэглээний бараагаар 160 гаруй хавх сольж авсан нь олон нийтийн анхаарлыг ихэд татсан юм. Хүүхдүүдийн энэ санаачилгыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 2016 онд дэмжиж "Хавх булаагүй ууланд хамаг амьтан жаргалтай” аяныг улс орон даяар өрнүүлэхийг уриалсан бөгөөд энэ ажил гурав дахь удаагаа ийнхүү Увсад амжилттай болж өндөрлөлөө.

 

 

Б.ЭНХМАРТ 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>