Хойд Солонгосын дүрвэгч цэргийн амь нас дээсэн дөрөөн дээр байна

582

Өчигдөр үдээс хойш хоёр Солонгосыг хуваадаг зэвсэггүй бүсийн (DMZ) харуулын хэсгээр Хойд Солонгосын талаас нэг цэрэг зугтаж ирсэн юм.

Өмнөд Солонгосын цэргийнхний мэдээлснээр дүрвэгч цэрэг 15:31 цагт өөрийн харуулын постоос гарч, Өмнөдийн тал руу зугтсан байна. Араас нь Хойд Солонгосын харуулын цэргүүд хэд хэдэн удаа буудсанаас тэр шархдаж, Өмнөдийн Солонгосын газарт унаад байжээ.

Энэ үед буюу 15:56 цагт Өмнөдийн цэргүүд мөлхөн очиж, шархдаж, цус алдсан цэргийг чирч авчирсан байна. Талуудын хооронд энэ үеэр буудалцаан болоогүй гэнэ.

Дүрвэсэн цэргийн мөр, тохойноос цус шүүрч байсан ба тэр даруй нисдэг тэргээр Сувон дахь эмнэлэгт хүргэжээ.

Одоогоор цэргийн биеийн байдлыг нууцалж байна. Эмчилгээ хийж, биеийг нь гайгүй болсны дараа түүний нэр ус, цол зэргийг тодорхойлох ажил хийгдэнэ гэж Өмнөдийн армийнхан мэдээлжээ.

Гэхдээ дүрэмт хувцаснаас нь харвал бага тушаалын цэрэг байсан нь тодорхой байгаа гэнэ. Цэрэг оргох үедээ зэвсэггүй байжээ.

Зэвсэггүй бүсийн харуулд Хойд Солонгосын тал коммунист намдаа үнэнч хүмүүсийн хүүхдийг тусгай шалгуураар томилдог гэнэ. Тиймээс харуулын цэрэг Өмнөд рүү оргосон явдал нь Хойд Солонгост таагүй мэдээлэл болох ажээ.

Хамгийн сүүлд зэвсэггүй бүсээр өнгөрсөн долдугаар сарын 23-нд нэг цэрэг оргож ирсэн юм.

 
 
Р.ТӨМӨР, IKON.MN

Эх сурвалж: Korea Times

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>