Йемений хуситууд өдөр бүр Саудын Араб руу пуужин харвана гэлээ
Йемений улс төрийн дээд зөвлөлийн тэргүүн, улс оронд засгийн эрхийг барьж байгаа хусит омгийн "Ансар Алла” бүлэглэлийн удирдагч Салех Ас-Саммад энэ жил Садын Араб улсын хувьд баллистик пуужингийн жил байна хэмээн амлаж байна. Дэлхийн хамтын нийгэмлэгийн хүлээн зөвшөөрөөгүй Йемений Засгийн газрын тэргүүн Арабын бүгд найрамдах Йемен улсад дайн эхлээд 4 жил болж байгаа ойг тохиолдуулсан хурлын үеэр энэ үгийг хэллээ.
"Энэ жил Саудын Арабын хувьд баллистик пуужингийн жил байна. Бид өдөр алгасалгүй Саудын Араб руу пуужин харвана. Саудын Араб улс пуужингийн довтолгооноос хамгаалах системтэй ч гэсэн бидний пуужингаас аврагдах боломжгүй” гэж Йемений дээд зөвлөлийн тэргүүн мэдэгдлээ.
Йемений хууль ёсны эрх баригчдыг дэмжиж дайнд оролцож байгаа Эр-Рияд тэргүүтэй эвсэл Йемений зүгээс Саудын Араб руу харвасан долоон пуужинг замаас нь амдан устгаснаа өнгөрсөн гуравдугаар сарын сүүлчээр мэдэгдсэн.
Долоон пуужингийн гурав нь Эр-Рияд хотыг онилсон байжээ. Пуужингийн хэлтэрхий Саудын Арабын нийслэлийн орон сууцны хэсэгт унаж, үүний улмаас Египетийн нэг иргэн амь үрэгдэж, хоёр хүн шархадсан юм. Йеменд 2014 оноос хойш зэвсэгт мөргөлдөөн үргэлжилж байгаа бөгөөд үүнд нэг талаас шийтийн "Ансар Алла” бүлэглэлийн хусит омгийн байлдагчид, нөгөө талаас Ерөнхийлөгч Абдо Раббу Мансур Хадийдийн үнэнч Засгийн газрын цэрэг, сайн дурынхан оролцож байна.
Саудын Араб тэргүүтэй Арабын орнуудын эвсэл агаараас болон хуурай газар Засгийн газрын цэрэгт дэмжлэг үзүүлж байгаагийн хариуд хуситууд Саудын Арабын нутаг дэвсгэрийг пуужингаар харвах болсон.