УИХ-ын гишүүн дархан аварга Б.Бат-Эрдэнийн бие хамгаалагч Б.Одхүү УИХ-ын гишүүн дархан аварга А.Сүхбатыг бүлэглэн зоджээ

63

Монголын Үндэсний бөхийн холбооны маргаан эцэслэгдэж байсан ч Р.Нямдорж тэргүүтнүүд шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй асуудлыг улам хурцдууллаа. Эцэс сүүлдээ нэгнийхээ биед халдсан хэргээр цагдаагийн байгууллагад шалгагдаж байна.

 

УИХ-ын гишүүн дархан аварга Б.Бат-Эрдэнийн бие хамгаалагч Б.Одхүү УИХ-ын гишүүн дархан аварга А.Сүхбатыг бүлэглэн зоджээ

 

Тодруулбал, өнгөрсөн амралтын өдөр тус холбоог албан ёсоор удирдах эрхээ авсан талынхан Р.Нямдорж, Б.Бат-Эрдэнэ нарт шүүхийн шийдвэрийг танилцуулж, асуудлыг эв зүйгээр шийдэх гэсэн боловч Р.Нямдорж, Б.Бат-Эрдэнэ гишүүний талынхан шүүхийн шийдвэрийн эсрэг цагдаагийн байгууллагыг ашиглан хамгаалалт гаргаж, бөхөд хайртай түмний хүндэлж явдаг Х.Баянмөнх аваргыг согтуу этгээдээр элэглэн доромжлууллаа. Тэр ч байтугай Б.Бат-Эрдэнэ гишүүний хувийн бие хамгаалагч гэгдэх Б.Одхүү начин УИХ-ын гишүүн А.Сүхбатын халдашгүй дархан байдалд халдаж, биед нь гэмтэл учруулав.

Тодруулбал, өнгөрсөн амралтын өдөр Бөхийн өргөөг цагдаагийн байгууллага хамгаалалтад авсан байдаг. Энэ үеэр УИХ-ын гишүүн, Дархан аварга А.Сүхбатыг Бөхийн ергөөнд өрөөнд сууж байхад нь Улсын начин Б.Одхүү 10 гаруй залуугийн хамтаар хаалгыг нь цөм өшиглөн оржээ. Улмаар А.Сүхбатын биед халдаж биед нь гэмтэл учруулсан байна. Бөхийн өргөөг цагдаагийн хамгаалалтад авсан ч ийнхүү Улсын начин Б.Одхүүг 10 гаруй залуугийн хамт оруулсан нь Дархан аварга А.Сүхбатыг зодуулах боломжийг нээж өгсөн байгаа юм. 

Уг асуудлаар УИХ-ын гишүүн А.Сүхбат шүүх эмнэлэгт хандаж, гэмтлийн зэргээ тогтоолгохоор болжээ. Харин асуудлыг нь Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.

Одоогоос хэдэн жилийн өмнө ШШГЕГ-ын "Сүлд” спорт хорооны дарга, улсын заан Ц.Баярсайхан нарыг зодсон хэрэг гарсан. Хэргийн эзэн нь хүн зодож нүддэгээрээ алдартай өнөө л Б.Одхүү начин байж таарав. Шүүх түүнд хүний биед хүнд гэмтэл учруулж үхлээс наагуур хэмжээнд болгосон хэмээн үзэж 5 жил гаруйн ял өгч байв. Мөн саяхан улсын харцага Г.Ганхуягийг мөн л бүлэглэн зодсон хэрэгт түүний нэр холбогдож харагдсан.

Тиймээс Б.Одхүү мэтийн хууль дүрмийг уландаа гишгэдэг бөхчүүдийг хувийн бие хамгаалагчаараа авч аваргуудынхаа эсрэг элдвээр турхирч байгаа Б.Бат-Эрдэнэ аварга та үнэн нүүр царайгаа ард түмэндээ харуулж эхлэх чинь энэ үү.

Б.Бат-Эрдэнэ аварга аа бөхчүүдээ бөхчүүдтэй нь алалцуулан байж ийнхүү хууль бусаар энэ холбооны төлөө улайран зүтгээд байгаа танд ямар эрх ашиг байгаа юм бэ. Ард түмнээ, бөхчүүдээ бодоод хууль шүүхийн шийдвэрээ дагаад явбал яасан юм бэ гэж асуумаар байна.

МАРГААН ЮУНААС ЭХЛЭВ

МҮБХ-ны тэргүүн асан Р.Нямдорж 10 гаруй жил тус холбоог хууль бусаар удирдсан байдаг. Тодруулбал, МҮБХ 2002 оны арванхоёрдугаар сарын 1-23-ны өдрүүдэд болсон Их Эе хурлаар Р.Нямдорж өөрийн тэргүүнээр сонгогдсон гэж шүүхэд хандсан байдаг. Түүний хүсэлтийг шүүх хэлэлцэж, улмаар 2003 онд анхан, давж заалдах, дээд шүүх шүүх хэрэгсэхгүй болгож, дахин Их Эе хурлыг хуралдуулж тэргүүнээ сонгохыг Цэцдийн зөвлөлд даалгасан байдаг юм.

Гэвч Р.Нямдорж нь Цэцдийн зөвлөлийг хуралдуулалгүй өөрийгөө хууль бус тэргүүнээр өргөмжлөн 2010 он хүртэл явжээ. 2010 онд дахин хууль бус хурал хийж өөрийгөө тэргүүнээр сонгосныг 2011 онд анхан, давж заалдах, дээд шүүх хүчингүй болгосон ч тэрбээр шүүхийн шийдвэрийг огт биелүүлээгүй юм.

Тиймээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас тамга тэмдэг, гэрчилгээг хүчингүй болгож, МҮБХ-той холбоотой ямар нэгэн үйл ажиллагаа явуулахгүй байхыг сануулсан байдаг.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас Р.Нямдоржийг хүчингүй болсон тамга тэмдэг ашиглаж, хууль бус үйл ажиллагаа явуулахгүй байхыг анхааруулсаар байтал өнгөрсөн гуравдугаар сард МҮБХ-ны Их Эе-ийг хууль бусаар хуралдуулж, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг томилоод байгаа юм. Мэдээж, хууль бус үйл ажиллагаа явуулж, хүчингүй тамга тэмдгээр сонгогдсон  УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн томилгоо хүчингүй хийгээд хууль бус юм.

Үүнийг мэдсээр байж, хууль тогтоогч гишүүн маань хууль бусаар уг холбоог өөрийн гарт авахаар улаарч байсныг ШШГЕГ болон ОӨУБЕГ-аас зогсоогоод байна.

ЗОГСООГООД ГЭСНИЙ УЧИР

Өнгөрсөн 10 гаруй жилийн турш ямар нэгэн шалтгаанаар хуралдаж чаддаггүй байсан Цэцдийн Зөвлөлийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас хуралдуулав. Улмаар 2014 оны зургаадугаар сарын 24-ны өдөр Их Эеийг хуралдуулах комиссыг сонгосон байдаг. Уг комисс нь ээлжит бус Их эеийг 2017 оны тавдугаар сарын 28-ны өдөр зохион байгуулж бүх төлөөлөгчдийг байлцуулж байгаад МҮБХ-ны шинэ тэргүүнээ сонгож, Л.Чинбатыг шинэ ажилд нь томилжээ.

Улмаар ОӨУБЕГ-аас 2018 оны дөрөвдүгээр сарын 3-ны өдөр нэмэлт өөрчлөлтөөр Л.Чинбатыг МҮБХ-ны тэргүүнээр албан ёсоор Л.Чинбатыг бүртгэж авсан байна. Ингэснээр хуулийн дагуу Л.Чинбат албан ёсоор бөхийн холбоог удирдаж, тамга тэмдэг ашиглах эрхтэй болж байгаа юм. Нэгэнт албан ёсоор холбоог удирдах эрхтэй болсон Л.Чинбат нь анхныхаа тушаалыг гаргаж, МҮБХ-ны Гүйцэтгэх захирлаар Улсын арслан Д.Мөнх-Эрдэнийг томилоод байгаа билээ.

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.