ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ 45.1 ХУВИАР ӨСЧЭЭ
ХЗДХЯ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, БОАЖЯ, ОБЕГ, ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтэс болон Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэс хамтран улсын хэмжээнд "Байгалиа хамгаалъя” сэдэвт аяныг өнөөдрөөс эхлүүлж байна.
Ирэх зургаадугаар сарын 5-ныг хүртэл үргэлжлэх энэхүү аяны хүрээнд иргэд, олон нийтэд энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг хүргэх, хууль сурталчилах, хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх ажилд иргэд, олон нийт, төрийн болон төрийн бус байгууллагуудыг татан оролцуулж, хамтран ажиллах тухай холбогдох байгууллагуудын төлөөлөл өнөөдөр мэдээллээ.
Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа П.Эрдэнэбилэг "Улсын хэмжээнд цагдаагийн байгууллагад жилд дунджаар 25-30 мянга орчим гэмт хэрэг бүртгэгддэг. Үүний 0.7 хувийг хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг эзэлж байна. Энэ төрлийн гэмт хэрэг оны эхний дөрвөн сарын байдлаар 113 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 51 нэгжээр буюу 45.1 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм. Эдгээрээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24 дүгээр зүйлийн 24.2 дугаар зүйлд заасан хууль бусаар мод бэлтгэх, ашигт малтмал олборлох хэргүүд голчлон үйлдэгдэж, тэдгээр хэргийн тоо өссөн үзүүлэлт гарсан. Энэ нь шинээр батлагдан гарсан хуулийг нэг мөр хэрэгжүүлэх, бусад хууль тогтоомжийг хэрэгжилтийг хангах, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд хяналт, шалгалтыг эрчимтэй зохион байгуулсантай холбоотой. Тиймээс Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийн хор уршгийг иргэд, олон нийтэд таниулах, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэсэн ухуулга нөлөөлөл, мэдээлэл сурталчилгааны ажлыг явуулж, гэмт хэргийн гаралтыг бууруулахын төлөө улсын хэмжээнд нэгдсэн аяныг зохион байгуулж байна” гэлээ.
Мөн он гарснаас хойш бүртгэгдсэн ой, хээрийн түймрийг тоог өмнөх оны мөн үетэй харьцуулахад 27.7 хувиар буурсан тухай мэдээллийг ОБЕГ-ын хэлтсийн ахлах мэргэжилтэн, хошууч Г.Галбадрах өгсөн.
"Байгалиа хамгаалъя” аяны хүрээнд "Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлгийг өрнүүлж чиг үүрэг бүхий байгууллагуудын хамтын уялдаа холбоог сайжруулах, хуулийг хэрэгжүүлэхэд практикт учирч буй хүндрэл бэрхшээлийг хэлэлцэж, гарсан саналыг харьяалах чиг үүргийн яаманд хүргүүлэх ажлыг зохион байгуулах аж.
Иймд иргэн бүр үүргээ ухамсарлан байгаль, дэлхийгээ хайрлаж, хамгаалахыг цагдаагийн байгууллагаас уриалж байна.