У.Хүрэлсүх намынхаа 100 жилийн ойгоор зул барихаар шийдэв үү

1318

 

У.Хүрэлсүх намынхаа 100 жилийн ойгоор зул барихаар шийдэв үүМАН-ын сүүлчийн хоёр даргын тэмцэл зуны халуун улс төрийн хэм, хэмнэлийг нэмж өөр өөрсдийн өнгийг тодорхойлов. 

Эхлээд Ерөнхий сайд, МАН-ын дарга "тэсэрч” шоудав. Тэрбээр "Би хувьсгал хийх гэж гарч ирсэн. Гэвч намын эв нэгдлийг бодоод нэг жил дуугүй явлаа. Цаашид "60 тэрбумыг” өмөөрч чадахгүй. М.Энхболд оо, чи ёс зүйн хариуцлага хүлээгээд ажлаа өг. Наад бичлэг чинь үнэн. АТГ-ын даргыг өөрчилнө. Ингэлээ гээд та нар намайг огцруулбал огцруулна биз. Намын онц их хурал зарлана” гэхчлэн мэдэгдсэн гэнэ. Энэ талаар хэвлэлүүд хангалттай, бүр зохион байгуулалттайгаар нийтэлсэн. Хэрэв үнэн бол юуны өмнө "АТГ-ын даргыг өөрчилнө” гэх мэдэгдлийг хийх хүн нь УИХ-ын дарга л баймаар юм. Цаашилбал "60 тэрбумын хэрэг” гэдгийг баталгаажуулж огцом мэдэгдэл хийсэн намын дарга МАН-ын нэр хүндийг өөрийн албан тушаалтай дэнслэн зольж байхыг бодоход "Би Ерөнхийлөгчийн хүн болсон” гэсэн мэдэгдэл хийснээс өөрцгүй. Дашрамд хэлэхэд "60 тэрбумын бичлэг үнэн” гэсэн эхний хүн нь ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж. Тэрбээр "Нямдоржийг Чапи дуурайхыг эвлүүлэг гэдэг болохоос...” гэж байгаад баталгаажуулсан. Үр дүнд нь энэ Засгийн газарт сайдаар ажиллаж байна. Дараагийнх нь одоогийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх. Энэ цаг үед "33:32” гэдэг хуваагдлын тоог хэрхэн мартуулах талаар ажиллах ёстой байтал дахин сэдрээж намаа хагалан бутаргасан түүний "удирдлагын менежент”-ийг улс төрийн эрх ашгаас ангид авч үзэх аргагүй юм.

Өнөөдөр түүнийг зөвхөн нутгийн дүү Л.Оюун-Эрдэнээ хаацайлж Ерөнхийлөгч Х.Баттулга, "найруулагч” Б.Баатар нартай нөхөрлөлөө зузаатгах гэсэндээ "60 тэрбум” гэгч хэзээ ч батлагдаж байгаагүй хэргийг үнэн болгон шоудлаа гэвэл гэнэн хэрэг болно. улс төрийн өс хонзонгийн зорилготой гэвэл онох байх.

У.Хүрэлсүхийн мэдэгдлийн дараахан УИХ-ын дарга М.Энхболдын намын бүлгийнхний оролцоотой нэгэн хаалттай хуралдаан дээр хэлсэн үг анхаарал татсан юм. Учир нь түүний үгийг У.Хүрэлсүхийн "хувьсгалч мэдэгдэл”-ийн хариу гэж хэлж болно. Тэрбээр "Төрийн банк, МИАТ-ийн хувьчлал, Шанхайн Хамтын Ажиллагааны байгууллагад Монгол улсыг элсүүлж, захиргааны шүүх, УИХ-ын гишүүний бүрэн эрх, нөхөн сонгууль зарласан гэх мэт асуудлууд Засгийн тэргүүний хүслээр болоогүй учраас их уурсаж ээ. Надад хийсэн гэмт хэрэг байхгүй, Монгол төрийг улс төрийн элдэв сонирхлоос хамгаалсныхаа төлөө харин элдвээр хэлүүлж байна. УИХ-ын даргыг Ерөнхий сайд огцруулдаггүй юм. УИХ-ын 64 гишүүн шийднэ. Ялагдсан үед нь ЗУГТАЖ, Ялсан үед нь бүү ТОДОРЦГОО" гэжээ.Энэ бол зөвхөн М.Энхболдоос л гарах тэсвэр тэвчээр, зангараг, шоолуулаад байдаг "аядуу тайван”  арга барил нь юм. У.Хүрэлсүх шиг ойворгон улстөрчид Ерөнхий сайд, МАН-ын даргын суудал давхардсан төдийгүй хүндэдсэн ч байж мэднэ. Энэ бүхэнд эрдэж намаа талцуулах тактик ч, зориг зүрх ч зөвхөн түүнээс л гарч чадна. Харин ийм хүнээ алдсан, намаа мартсан, улайрсан тэмцлийн эсрэг зөв үг хэлж тэсч үлдэх хүн М.Энхболд л байж.

М.Энхболдын хувьд МАН-ын удирдлагын эрхийг сөрөг хүчин байхад нь аваад үнэмлэхүй олонх, эрх баригч нам болгоод намын даргын ажлаа өгсөн. Одоо "шагналд” нь өөрийнх нь эсрэг чиглэсэн бүлэглэлийн дайралтыг хүлээн авч байна. УИХ-ын чуулганы хаалтын хуралдаан дээр хэлсэн үгээс ч тэр эв нэгдлийг эрхэмлэж, талцлаа зогсооход уриалсан. Нээлттэй сонсгол явуулахын тухайд ч эрх нь нээлттэй болохыг мэдээлсэн. Гэхдээ МАН-ын 64 гишүүн У.Хүрэлсүх шиг сэтгэж, түүний шийдвэрийг дагах нь юу л бол. МАН-ын сүүлчийн хоёр даргын тэмцэл, цаашилбал тус намын 100 жилийн ойгоор бүтэн байх эсэхийг ирэх өдрүүдэд өрнөх үйл явдлаас харж суух л үлдэв.

 
Erennews.mn
 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>