Баянхошуу дэд төвийг түшиглэн 240 хүүхдийн цэцэрлэг, МСҮТ төв ашиглалтад орно
"Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”-ын баримт бичиг хэрэгжүүлэхтэй холбоотой Азийн хөгжлийн банк болон Европын хөрөнгө оруулалтын банкны хөнгөлөлттэй зээлээр "Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Төслийн хүрээнд Улаанбаатар хотыг 6 дэд төвтэй байхаар төлөвлөсөн. Төслийн нэгдүгээр шатны хүрээнд Баянхошуу, Сэлбэ дэд төвүүд нийт 318 га газарт төлөвлөлт хийн нийслэлийн хойд бүсийн хүн амд үйлчилдэг, худалдаа, соёл үйлчилгээний төвлөрөл бүхий байгаль орчинд ээлтэй ногоон орчинг бүрдүүлсэн бүсийн чанартай төв болгон хөгжүүлэхээр ажиллаж байгаа юм. Энэ хүрээнд Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд нар дэд бүтцийн төвүүдэд өнөөдөр ажиллалаа.
Одоогийн байдлаар Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдэд 50 айлын түр суурьших орон сууц тус бүр нэгийг, 8.6 км урттай ариутгах татуургын гол шугам сүлжээ тавигдсан байна. Мөн Баянхошуу дэд төвд 2.3 км урттай үерийн хамгаалалтын суваг хайсны угсралт хийгдэж дуусжээ. Цаашид Баянхошуу дэд төвд 7.42 км автозам, 1000 шоо метр хүчин чадалтай усан сан, доод насос станц ба өргөлтийн насос станцын барилга угсралт болон ус хангамжийн шугам хоолой зэрэг хийгдэх юм байна.
Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан "Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, задлах чиглэлээр хийгдэж байгаа хамгийн том төсөл энэ юм. Хот хөгжүүлэх хамгийн гол асуудал бол инженерийн дэд бүтэц байдаг. Энэ дэд төвүүдэд дулаан, цахилгаан, үерийн хамгаалалтын ажлууд дэс дараатай хийгдээд явж байна. Төслийн хүрээнд 10 мянган айлын орон сууц баригдана. Инженерийн дэд бүтэц тавигдсаны дараа орон сууц барих асуудал шийдэгдэнэ. Цаашдаа энд шинэ төв, шинэ хот бий болно” гэлээ.
Мөн төслийн хүрээнд 240 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг, Бизнес инкубатор төв, МСҮТ-ийн барилга баригдаж байна. Баянхошуу дэд төвд цэцэрлэгийн насны 4700 гаруй хүүхэд байгаагаас 2740 орчим нь цэцэрлэгт хамрагддаг байна. Тус цэцэрлэг ашиглалтад орсноос сургуулийн өмнөх боловсролд хамрагдалт 63 хувиар нэмэгдэх юм. Цэцэрлэгийг 10 дугаар сарын 15нд, МСҮТ-ийн барилгыг 10 дугаар сарын 30-нд хүлээлгэн өгөхөөр ажиллаж байгаа аж.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд "Энэ төсөл бол Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах чухал төсөл юм. Улаанбаатар хотод анх удаа ийм том төсөл хэрэгжиж байна. Нийслэл хот Бага тойруу гэсэн ганц төвтэй. Түүнийг дагасан замын түгжрэл, төвлөрөл гээд олон асуудал бий. Гэтэл нийслэл хотод 1 сая 400 мянга орчим иргэн оршин сууж байна. Бид Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар Баянхошуу, Сэлбэ дэд төвийг байгуулж байна. Төслийн гол онцлог нь нийгмийн асуудлыг маш сайн харж үзсэн. Нөлөөлөлд өртсөн айлуудыг шинээр байртай болтол хэрхэн орон сууцаар хангах асуудлыг шийдсэн. Энэ жил төслийн 50 хувийг хийж гүйцэтгэж, ирэх жил бүрэн дуусгахаар ажиллаж байна. Ингэснээр 5 хорооны иргэдийг цахилгаан, дулаан, цэвэр бохир усны системтэй холбоно. Гэхдээ зөвхөн энд байгаа иргэдийг дулаанд холбох асуудал биш Улаанбаатар хотын баруун бүсийн иргэд хотын төвд очиж авдаг үйлчилгээг эндээ авахуйц шинэ цогц төлөвлөлт юм. Энд өндөр давхрын орон сууц, бизнес худалдааны байгууллагууд, сургууль цэцэрлэг гээд олон бүтээн байгуулалт хийгдэх учиртай. Дэд төвүүдэд Барилга, хот байгуулалтын сайдтай хамт ажиллаж байгаа гол шалтгаан нь дэд бүтцийн шугам тавигдсаны дараах бүтээн байгуулалтыг хэрхэн хийх вэ гэдэг дээр газар дээр нь уулзаж байна. Мөн өнгөрсөн онд УИХ-аар батлагдсан 10 мянган айлын өртөгт нийцсэн орон сууцны асуудал байна. Орлогод нийцсэн орон сууцны ихэнх байрыг дэд төвүүдээ түшиглэн барих юм. Тэгэхээр өндөр өртгөөр ирсэн дэд бүтцийг ашиглах боломж бүрдэж байна. 10 мянган айлын орон сууцны 7 мянга орчим нь орлого багатай иргэдэд, 2 мянга орчим нь дунд орлоготой иргэдэд, 10 хувь нь тансаг загварын холимог орон сууц байхаар төлөвлөсөн. Тухайн орчиндоо иргэдээ ажлын байраар хангах, эко орчныг бүрдүүлэх зэрэг цогц ажил хийнэ. Дэлхийн ногоон сангууд, Азийн хөгжлийн банкнаас 580 орчим сая ам.долларын зээл авч энэ ажил хийгдэхээр гэрээ хэлэлцээр хийгдээд байна” гэж ярилаа.
Сэлбэ дэд төвд хийж буй бүтээн байгуулалтын ажлын үр дүнд Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдийн нутаг дэвсгэрийг дамнасан нийт 158 га талбайд оршин сууж буй иргэдийг дулааны эрчим хүчээр найдвартай хангах боломжтой болно. Уг дулааны станц баригдаж бүрэн ашиглалтад ороход эхний ээлжинд 35-р сургууль, 51-р цэцэрлэг зэрэг төрийн болон нийгмийн үйлчилгээний байгууллагууд холбогдохоос гадна дэд төвд амьдарч буй 25 мянга орчим айл өрх дулааны шугам сүлжээнд холбогдох боломж бүрдэнэ. Гэхдээ дулааны шугам сүлжээнд иргэд холбогдох эсэх нь иргэдийн оролцоо, идэвхээс шууд хамааралтай. Иргэд идэвхтэй оролцвол, дулааны станц ашиглалтад ороход дулааны шугам сүлжээнд холбогдон тав тухай амьдрах боломж бүрдэж, агаарын бохирдлыг бууруулахад бодитой хувь нэмэр оруулна. Уг дулааны станц ашиглалтад орж айл өрхүүд шугам сүлжээнд холбогдсоноор хотын агаарын бохирдлын 80 гаруй хувийг үүсгэж буй гэр хорооллын халаалтын болон айл өрхийн зуухны түүхий нүүрсний хэрэглээг жилд 15 мянган тонноор бууруулж, 3700 өрхийн зуух, 10 гаруй ААН-ийн уурын зуухыг хэрэглээнээс халах боломжтой юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.