Хар ус нуур

1138

Хар ус нуур

 

Монголын том нууруудын нэг Хар ус нуур нь 1153 ам километр талбайтай, 72 километр урт, 26 километр өргөн, дундаа аралтай, урд захаараа хулс, шагшуургатай нуур юм. Зэгсний гахай зэрэг ховор амьтадтай, цөлжүү хээр, заримдаг цөлийн нуур бөгөөд Хар нуур, Дөргөн нууруудыг оролцуулан 1997 онд улсын тусгай хамгаалалтанд авсан.

Тус цогцолбор газарт 54 зүйлийн хөхтөн амьтан, 268 зүйлийн жигүүртэн шувуу, 455 зүйлийн өвс ургамал, 4 зүйлийн загас, 6 зүйлийн мөлхөгч амьтан, 131 зүйлийн шавьж амьдардгийг тогтоосон байна.

Байгалийн цогцолборт газрын хамгийн өндөр цэг нь далайн түвшнээс дээш 3688 м өндөр өргөгдсөн Их буурал уул (Жаргалант хайрхан уул) бөгөөд хамгийн нам дор газар нь далайн түвшнээс дээш 1139.4 м өргөгдсөн Жанжин овоо юм. Нийт талбай 850.2 мян.га, урт нь 115 км, хамгийн өргөн газартаа 137 км хүрнэ. Байгалийн цогцолборт газарт Ховд аймгийн Манхан, Буянт, Мянгад, Дөргөн, чандмань сумын нутгийн тодорхой хэсэг хамрагддаг. Одоо Хойт далай нуурын усны хамгийн гүн 1.8 м-ээс хэтрэхгүй байна. Бусад арлууд тэгш нам гадаргатайн дээр бүхэлдээ намагшиж зэгс зэрэг цоргот ургамал шигүү ургасан байна.

Энд хун, бор галуу, төрөл бүрийн цахлай, нугас, зуун хурга, хөх, цагаан дэглий, нэн ховордсон хотон зэрэг шувууд зусна. Хар-Ус нуур хэдийгээр том талбайтай боловч маш цэнгэг устай нуур юм. Хамгийн их гүн нь 4.4 м, дундаж гүн нь 2.0 м юм. Хар ус нуурын хотгор тектоник үүсэлтэй боловч удаан хугацаанаа ширгэж татарснаас эргийн байдал налуу талархаг болсны дээр эргийн зурваст зэгс шигүү ургаж намагжсан байна.

Хар ус нуурт том жижиг 10 гаруй арал байгаагаас хамгийн том нь 400 ам километр талбайтай, 30 орчим километр урт, усны мандлаас 272 метр өндөр Агшаб хэмээх арал бөгөөд тэрээр Хар ус нуурыг хойд урд гэсэн том жижиг хоёр хэсэгт хуваана. Хойд урд нуурыг 1-2 метр гүнтэй, 50-100 метр өргөн, 20 гаруй километр урт Лүн Юм гэдэг нэртэй хоолой холбоно. Хойд нуур нь 400 орчим ам километр талбайтай боловч нилдээ зэгсээр хучигдаж нуур гэхээргүй бага устай болжээ.

Хар ус нуур нь 70450 ам километр талбайгаас усжина. Үүний 70% нь ганц Ховд голын сав газарт хамаарна. Монгол Алтайн нуруунаас эх авч урсах Ховд, Буянт Цэнхэрийн гол жилд барагцаалбал 2.2 шоо километр ус нийлүүлэх бөгөөд илүүдэл усаа ууршуулахын хамт 40 километр урт 50-75 метрийн өргөн Чоно харайхын голоор Хар ус нуурт өгнө. Хар ус нуурын бүс нутагт 12 мянган хүн ам оршин сууж, 642 мянган мал бэлчдэг учраас усны бохирдол, бэлчээрийн даац хэтрэх асуудал гарч байгаа ажээ. Тийм учраас БОАЖЯ-наас анхаарал тавьж, төрийн захиргааны 12 байгаль хамгаалагчтай хэсэг 2007 оноос ажиллаж эхэлсэн.

Хар ус нуурыг хамарсан уг цогцолбор газрын байгалийн тогтоцыг судлаачид гайхамшигтай хэмээн дуу алддаг. Энд цэнгэг уст нууруудаас гадна ус намгархаг газар, говь хээр, тал хээр, Алтайн мөнх цаст сарьдаг уулс байдаг бөгөөд байгалийн гайхамшигт урлан мэт оршдог. Зарим тохиолдолд үзүүлэн болгож зориуд урласан мэт харагддаг. Энд ирсэн гадаадын жуулчид Хар ус нуурыг “газрын диваажин” хэмээн шагшин магтдаг билээ.

Tsogzolmaa Tsedenbal

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>