Цахим ертөнцөд алдартай шилдэг зураачид

957

Цахим ертөнцөд алдартай шилдэг зураачид

 

Италийн Милан хотод төвтэй аялал жуулчлалын “Мусемент” компаниас нийтийн сүлжээ, цахим ертөнцөд  хамгийн нэртэй, нөлөө бүхий зураачдыг шалгаруулсан жагсаалт гаргажээ.  Харин жагсаалтад Испаниас цорын ганц зураач багтсан нь кубизмыг үндэслэгч XX зууны агуу зураач Пабло Пикассо юм байна.

Инстаграмын од Фрида Кахло

Эхний  байрт  инстаграмд  26 сая гаруй  удаа нэр нь дурьдагдсан  Мексикийн уран зураач Фрида Кахло  оржээ.  Мексикийн уугуул иргэд,  индианчуудын  амьдралыг  харуулсан  бүтээл зурдагаараа алдаршсан энэ эрхэм жагсаалтад нэр нь багтсан ганц эмэгтэй уран зураач юм байна. Тэрээр зураач, гүн ухаантан   Пабло Пикассо, Василий  Кандински,  Андре Бретон  нараар бахархдаг байсан юм байна. Харин  Фрида Кахлог нас барсны дараа  ялангуяа, 1970 оноос эхлэн  түүний уран бүтээл алдаршиж,  олон оронд танигдах болсон юм.

Хөрөг зургийн  мастер  Энди Уорхол

Олны танил хүмүүсийн хөрөг зурдаг поп арт урсгалын томоохон төлөөлөгч, АНУ-ын уран зураач Энди Уорхол жагсаалтын II байрт бичигджээ. Тэрээр нийтийн сүлжээнд 12 сая гаруй удаа нэр нь дурьдагдсан байна. Энди 1963 онд зурсан “Найман Элвис” хэмээх Элвис Преслигийн хөргөө 100 сая ам.доллараар зарсан юм. Энэ амжилт нь түүнийг бүтээлээ хамгийн өндөр үнээр зарсан зураачийн нэг болгожээ. Үүнээс гадна Энди Уорхол Мэрилин Монро, Элизабет Тейлор нараас эхлээд соёл урлагийн алдартнуудын хөрөг зургийг зурж байсан юм.

Хамгийн их бүтээлтэй Винсент Ван Гог

Голланд зураач Винсент Ван Гог инстаграмд нэр нь 460 мянга гаруй удаа дурьдагджээ. Тэрээр урлагийн түүхэн дэх хамгийн их бүтээлтэй зураачийн нэг юм. Винсент Ван Гог амьдралынхаа туршид 900  уран зураг, 1600 гаруй  зураасан зураг зурсан аж. Түүнчлэн экспрессионизм гэгдэх урсгалыг үндэслэсэн юм байна. Мөн орчин үеийн урлагт, ялангуяа фовизм, Германы экспрессионизм урсгалын хөгжилд асар их нөлөө үзүүлжээ. Түүний зурсан олон уран зургаас хамгийн алдартай “Одод түгсэн шөнө” хэмээх бүтээл билээ.

Бүх цаг үеийн од Леонардо да Винчи

Энэ жил  хүн төрөлхтний түүхэнд хамгийн алдарт зураач нарын нэг хэмээн мөнхөрсөн Леонардо да Винчигийн нас барсны 500 жилийн ой тохиож байгаа юм. Тиймээс инстаграмд түүний нэрийг дурьдсан үзүүлэлт нэмэгдсэн байх магадлалтай аж. Одоогоор Италийн нэрт зураачийн нэрийг  420 мянга гаруй удаа дурьджээ. Түүний уран бүтээлийн оргил нь Флоренцийн баяны гэргий гэгддэг Моно Лизагийн зураг юм.

Уйдамтгай зантай Пабло Пикассо

Энэ жагсаалтад нэр нь багтсан ганц испани зураач. Кубизм урсгалыг санаачлагч, бүх цаг үеийн шилдэг зураачийн нэг Пикассо. Түүний нэрийг инстаграмд 344 мянга гаруй удаа дурьдсан байна. Сонирхуулахад зураачийн уран бүтээлийн сэдэв, зурах арга барил нь түүний уйдамтгай зан болон хайр дурлалаас хамаарч өөрчлөгддөг байжээ. Зураачийн зурсан зургуудаас дурласан бүсгүй Дора Маартад зориулсан “Цэнхэр даашинзтай бүсгүй” хэмээх зураг нь Нью Иорк хотод болсон дуудлага худалдаагаар 45 сая ам.доллараар зарагдсан аж.

Клод Моне

Францын зураач Клод Моне импрессионизм хэмээх шинэ урсгалыг  бий болгожээ. Энэ нь гадаад ертөнцөөс төрсөн сэтгэгдлээ уран бүтээлдээ тусган харуулж, хүрээлэн байгаа орчноо байгаагаар нь тусгадаг онцлогтой юм байна. Харин энэ урсгалын нэрийг Клод Монегийн “Сэтгэгдэл, Мандах наран бүтээл”-ийн нэрнээс үүдэлтэй гэж үздэг аж. Түүний нэрийг цахим сүлжээнд 320 мянга гаруй удаа дурдсан байна. Ялангуяа түүний “Живерни” цэцэрлэгээс сэдэвлэн зурсан зургуудыг дурьдсан байжээ.

Үнсэлтийн эзэн Густав Климт

Австрийн зураач Густав Климтийн нэрийг цахим ертөнцөд 223 мянга гаруй удаа дурьджээ. Ялангуяа түүний алдарт “Үнсэлт” хэмээх бүтээлийн нэрийг цахимын хэрэглэгчид сайн мэддэг. Густав Климтийн хувьд ихэвчлэн бүсгүй хүний гоо сайхныг магтан зурдаг онцлогтой юм байна.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ “сонин

Х.ОЮУНБОЛД

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>