Өмнөд Хятадын тэнгист Орос, Америкийн хөлгүүд мөргөлдөх шахжээ

658

Өмнөд Хятадын тэнгист Орос, Америкийн хөлгүүд мөргөлдөх шахжээ

 

Филиппиний арлуудын ойролцоо өчигдөр Орос, Америкийн тэнгисийн хүчний байлдааны хөлгүүд мөргөлдөх шахсан байна. Тэд бие биедээ хэдхэн метрийн зайтай ойртсон бөгөөд хөлөг хоорондын зай 15-30 метрт хүрсэн гэж АНУ-ын албаны эх сурвалж мэдээлжээ.

Үүний улмаас талууд харилцан бие биенээ “аюултай, мэргэжлийн бус жолоодлого” хийлээ хэмээн буруутгажээ.

Орос, Америкийн байлдааны нисэх онгоцнууд хоёр улсын агаарын хил дагуу тагнуулын мэдээлэл цуглуулах, эсрэг талынхаа хариу үйлдэл үзүүлэх чадварыг сорих зорилгоор тулгарах явдал түгээмэл байдаг ч тэнгисийн хөлгүүд ийнхүү ойртох нь маш ховор тохиолдол аж.

АНУ-ын Номхон далайн долдугаар флотын командлагч Клэйтон Досс Оросын “Адмирал Виноградов” хөлгийг аюултай үйлдэл хийж, өөрийнх нь хөлгийн аюулгүй байдалд эрсдэл учруулсан гэж буруутгасан бол ОХУ-ын тэнгисийн флот АНУ-ын USS Chancellorsville хөлгийг гэнэт чиглэлээ өөрчилж, өөрийнх нь хөлгийн замд хөндөлссөн тул 50 хүртэл метр ойртсон гэж мэдэгдсэн байна.

АНУ-ын тэнгисийн хүчний гаргасан хэд хэдэн видео дүрсэнд хоёр хөлөг ойрхон зайтай зэрэгцэн хурдалж байгааг харуулжээ. Мөн Оросын хөлгийн нисдэг тэрэгний тавцан дээр хөлгийн багийн зарим гишүүд наранд биеэ шарж суугааг харуулжээ.

Гурван өдрийн өмнө Газар дундын тэнгист Оросын Су-35 сөнөөгч онгоц Америкийн нисэх онгоцонд хэт ойртож аюул учруулсан тухай АНУ-ын тэнгисийн зургаадугаар флотын командлал мэдээлж байсан аж.

Эх сурвалж: Interfax

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>