Зүүн Цанхи “Бөх”-ийн аманд оров
Томоохон хулгай хуудуу, хууль бус бүхнээ аливаа баяр наадам, дуулиан шуугианаар халхавчилж хийдэг нь манай улстөрчдийн хувьд гэм биш зан, гэнэт биш хууч болсон зүйл. Ардын Засгийн газраас өнгөрсөн наамдын өмнөхөн гаргасан нэгэн тогтоол үүний нэг тод нотолгоо болов.
Ардын хувьсгалын 98 жилийн ойг “тохиолдуулж” (долдугаар сарын 9-ний өдөр) олон нийтийн анхаарал баяр наадам, амралт зугаалгад чиглээд, улстөрөөс анхаарал түр холдох зуурт Ардын Засгийн газар “адууны” хулгайд морджээ. Энэ бол “Эрдэнэс Тавантолгой” компанийн талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 296 дугаар тогтоол.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны өөрчлөлтийг холбогдох хууль тогтоомж, анхан шатны баримтад тулгуурлан хянаж, нягтлах ажлыг зохион байгуулж, хувьцаа эзэмшиж байгаа иргэдийн бүртгэлийг 2019 оны арванхоёрдугаар сарын эхний долоо хоногт багтаан дуусгаж, үр дүн танилцуулах, мөн иргэд, аж ахуйн нэгжийн эзэмшиж байгаа хувьцааг гадаад улсын хөрөнгийн биржид давхар бүртгүүлэх, арилжаалах бэлтгэл ажлыг хангахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг нарт хариуцуулсан тухай уг тогтоолд дурдсан байна. IPO гаргах нэрээр “Эрдэнэс Тавантолгой”-н эрх мэдлийг авах гэсэн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Тавантолгойн ордыг авахаар олон жил улайрсан Монголын номер нэг улстөрчийн эртний хүсэл ийнхүү биелж байгаа бололтой.
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ”-Г ХОЁР ХУВААХ НЬ
Тавантолгойн ордын тусгай зөвшөөрөл “Эрдэнэс Тавантолгой”-н мэдэлд байдаг. Одоогоор тус компани Зүүн ба Баруун Цанхид олборлолт явуулж байгаа. Гэтэл Засгийн газрын шийдвэрээр Зүүн Цанхийг “Эрдэнэс Тавантолгой”-н охин компанид хариуцуулахаар болжээ. Тодруулбал, “Олон улсын хөрөнгийн зах зээлээс боломжит богино хугацаанд, хамгийн бага зардлаар хөрөнгө босгох зорилгоор холбогдох хууль тогтоомж, олон улсын стандарт, шаардлагад нийцүүлэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн охин компаниудыг байгуулах, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн эзэмшлийн тусгай зөвшөөрлүүдээс эхний ээлжинд MY-011943 дугаар бүхий Цанхийн зүүн хэсгийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн охин компанид эзэмшүүлэх”-ээр 296 дугаар тогтоолд онцолсон байна.
“Эрдэнэс Тавантолгой”-гоос мэндлэх “охин үр”-ийг “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирлаар ажиллаж байсан Х.Наранхүүд өгч, 30 хувийг нь гадаадын хөрөнгийн биржээр дамжуулан зарахаар төлөвлөөд байгаа аж. Энэ санаархлаа ч Д.Сумъяабазар сайд аль дээрээс ил далдаар илэрхийлсээр ирсэн. “Баруун, Зүүн Цанхийн аль нэгийг охин компанийн хэлбэрт оруулж байж хөрөнгийн биржид гаргах нь зүйтэй. Зүүн Цанхийн 30 хувийг хөрөнгийн бирж дээр гаргах байр сууриа Засгийн газарт танилцуулсан. Энэ асуудлыг дахин хэлэлцэж шийдэхээр болсон. Охин компани байгуулах асуудлыг 2018 оны ЭТТ компанийн хувьцаа эзэмшигчдийн хуралд оруулаад зөвшөөрлөө авчихсан. Одоо Засгийн газрын шийдвэр гаргуулахаар ажиллаж байна” гэсэн сайдын үг баяр наамдын яг өмнө баталгаажсан нь сэжигтэй харагдаж байна. Товчоор хэлэхэд, Засгийн газрын энэ удаагийн шийдвэр төрийн мэдлийн Тавантолгойн ордын Зүүн Цанхийг бүхэлд нь бүлэглэлийн мэдэлд шилжүүлэв гэж болох юм.
Тавантолгой орд нь нийтдээ 6.4 тэрбум тонн нүүрсний нөөцтэй. Зүүн Цанхи дангаараа нэг тэрбум орчим тоннын нөөцтэйгээс 78 хувь нь сайн чанарын коксжих нүүрс. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар томилогдсон даруйдаа Д.Сумъяабазарын хэлсэн “Эрдэнэс Тавантолгой”-н IPO-г гаргана гэх үгийн ард хэний эрх ашиг явсан бэ гэдэг нь эхнээсээ тодорхой болж байна.
САХИЛ ХҮРТЭЭД ШАЛ ДОРДОХ ВИЙ
Үе, үеийн Засгийн газар Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахаа амалсаар ирсэн ч амжилт олсон нь үгүй. Харин У.Хүрэлсүхийн Засгийн газар өнгөрсөн өвөл улс төрийн шийдвэр гаргах эрхээ УИХ-аас авч чадсаны ард Тавантолгойг танзуур боов болгон хувааж хүртэх шинэ “МАНАН”-гийн арга заль нуугдаж байсан бололтой.
Уг нь бол, “Эрдэнэс Тавантолгой”-н 1072 ширхэг хувьцааг Монголын иргэн бүр эзэмшдэг. Гэтэл компанийг хоёр хувааж, охин компани дээр IPO гаргахаар болсон нь хууль зүйн талаасаа Монголын хоёр сая иргэнд хамааралгүй болгож байна гэсэн үг. Компанийн 14,7 хувийг эзэмшиж байгаа иргэд, хууль ёсны хувьцаа эзэмшигчдээсээ асуулгүйгээр сор нь болсон зүүн Цанхи, тэрбум тоннын нөөцийг Х.Наранхүүд өгчээ. Шинэ компанийн СЕО-гоор Х.Наранхүүг томилсон байна. Гэвч ингэх шалтгаан юу байв?
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар хэдийгээр ““Эрдэнэс Тавантолгой” компанид бүхэлд нь IPO хийж, хөрөнгийн бирж дээр гаргана гэхээр зургаан орд дээр найман тусгай зөвшөөрөл байна. Түүний хоёр тусгай зөвшөөрөлтэй орд буюу баруун, зүүн Цанхид үйлдвэрлэлийн нөөцүүдээ тооцоолоод ТЭЗҮ-ээ үндэслэн олборлолт хийж байна. Бусад ордууд дээр хайгуул дахин хийх, нөөцийг дахин баталгаажуулах шаардлагатай. Тэгэхгүйгээр бөөнөөр нь хөрөнгийн бирж дээр гаргах нь эрсдэлтэй” гэж тайлбарлаж байгаа ч ард нь өөр ашиг сонирхол байх талтай.
Д.Сумъяабазар сайдын энэ саналыг эхлээд Засгийн газар хүлээж аваагүй ч эцэстээ Үндсэн хуулийн өөрчлөлтийн барьцаанд орж, аргагүйн эрхэнд хүлээн зөвшөөрсөн гэх шивэр авир яриа ч улс төрийн хүрээнээс сонсогдож байгаа. Энэ үг манай “Номер нэг” буюу Ерөнхийлөгчийг заадаг.
Х.Баттулгын хувьд аль эртнээс Тавантолгойн ордод ил тод шунаж ирсэн хүн. Энэ суудалд суухаасаа ч өмнө “Би Тавантолгойг авъя” гээд төрийн тэргүүндээ хэлж явсан гэдэг. Харин энэ удаад Д.Сумъяабазар гэдэг хүн түүний шунал, хүслийг гүйцэлдүүлж байх шиг. Дүү нь зөвлөх, өөрийг нь сайд болгосны өр төлбөр байж мэдэх. Жилдээ 800 тэрбумын цэвэр ашигтай “Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 ширхэг хувьцааг “амь орох”-ыг хүлээсэн Монголын хоёр сая иргэн нүдээ хөхөртөл харж суугаа. Гэтэл тэр зуурт Тавантолгой орд “Чонын амнаас бөхийн аманд” оров бололтой.
ЭХ СУРВАЛЖ: Ж.НЯМ, INEWS.MN