"Белоруссын вокзал" кино бүтсэн түүх...

64

Зөвлөлтийн үеийн кинодрам "Белоруссын вокзал" киног 1971 онд залуу найруулагч Андрей Смирнов бүтээжээ.
Кино зохиол болоод найруулгыг нь бүр 1966 онд жүжгийн зохиолч Вадим Трунин бичсэн боловч, үүнд нь анхаарал тавьж, сонирхох нэг ч найруулагч, уран бүтээлчид байсангүй. Залуу найруулагч Андрей Смирнов ч гэсэн, огт санамсаргүй тохиодлоор л уг зохиолтой танилцсан болохоос биш, бас л уншиж үзээгүй явжээ.
Цэрэг дайны сэдэв нь найруулагчид тун ойр дотно санагддаг учир нь гэвэл, түүний эцэг, зохиолч Сергей Смирнов фронтод дайтаж явсан, дайны дараа олон ном зохиол бичиж туурвисан, нэр нь үл мэдэгдэх дайны үеийн дайчин баатруудыг эрж хайн, сураглаж явдаг хүн байлаа.
Кино зохиолыг уншиж үзээд, Госкиноны удирдлагаас зөвшөөрөл авахын тулд зохиолын"эвгүй" гэсэн зарим нэгэн зүйлийг нь хасаж танах хэрэг гарав.

Гол баатруудын нэгэн дүр болох Иван Приходькод 50, 60 д оны үед нэрд гарч явсан жүжигчин Николай Рыбниковыг тоглуулахыг ихэд хүсч байсан ч, эцэст нь, Евгений Леоновыг зоов.

Үйлдвэрийн дарга Виктор Харламовын дүрд Михаил Ульянов, Всеволод Санаев, мөн Эльдар Реюязанов нарыг пробдож байсан ч, найруулагч, дүрдээ гайхалтай сайн уусаж байсан Алексей Глазыриныг сонгож авсан бөгөөд харамсалтай нь энэ жүжигчин маань энэ киногоо яг дэлгэцэнд гарахынх нь өмнө өөд болсон гэдэг юм.

Няглан бодогч Николай Дубинкийн дүрд Иннокентий Смоктуновский, Николай Гринько, Анатолий Папанов нарын аль нэгийг сонгож авахыг хүсч байв. Эцэст нь найруулагч, Папановыг сонгожээ.

Сэтгүүлч Алексей Кирюшиний дүрд Армен Джигарханян, Леонид Кулагин, Юрий Каюров нар өрсөлдөж байв. Гэвч Всеволод Сафонов сонгогджээ.

Любовь Соколова, Евгений Леонов хоёр Люба, Иван гэсэн нэг гэр бүлийн хосын дүрд жүжиглэсэн бөгөөд нилээд хэдэн жилийн урьд 1955 онд бүтээгдсэн "Гучин гурав" хэмээх инээдмийн кинонд ч бас ингэж тоглосон байв.

Фронтын эмнэлгийн сувилагч бүсгүй Раяд, эхлээд Инна Саввинаг тоглуулахаар дуудсан бөгөөд тэрээр пробонд ирээд энэхүү жүжигчдийн хамтлагт тохирохгүй гэдгээ ойлгожээ. Тэгээд Саввина найруулагчид өөрийн хамтрагч болох Нина Ургантыг анхааралдаа авахыг хүсч сануулжээ. Энэ үеэр соёлын яамны сайд байсан Екатерина Фурцева, Инна Макаровагийн пробыг хараад, түүнийг энэ дүрд хэдийнээ, бүр эчнээгээр баталчихсан байжээ. Андрей Смирнов пробын шалгуурт ихэд таалагдсан Нина Ургантыг сувилагчын дүрдээ тоглуулахын тулд бараг жил тойрон тун шаргуу хичээн зүтгэсэн гэхэд болно.

Найруулагч ихэд нэрд гарсан хөгжмийн зохиолч Альфред Шниткегийн зохиосон хөгжмийн аялгуунд тохирох дууны үг бичиж өгөхийг яруу найрагч Булат Окуджаваас хүсчээ. Хальснаа буулгасан материалиудыг нь үзэж дуусгаад, найрагчын толгойд зөвхөн шүлгийн мөр бадгууд буугаад зогсохгүй бас "Бидэнд дан ганц ялалт л хэрэгтэй" хэмээх энэ гол дууных нь хөг аялгуу орж ирсэн гэдэг. Нэгдсэн хурал дээр энэ кино зурганд Булат Окуджавын шүлэг, хөгжмийн аялгууг сонгож аван, тоглуулахаар шийдсэн бөгөөд Шнитке таван сарын 9 ний парадад зориулагдсан дуу хөгжмийг нь марш аялгууны маягаар аранжировк хийн тоглуулж бичүүлжээ.

Андрей Смирнов, Нина Ургантаас энэ дууг дуулах үедээ уйлахгүй байхыг хүссэн тул кинонд зөвхөн эрчүүд нь л уйлцгааж байхад цэргийн эмнэлэгийн сувилагч явсан бүсгүйн нүдэнд ямар ч нулимас үзэгддэггүйн учир ийм билээ. Гэвч ийм амжилтанд хүрэхийн тулд мөн ч их олон дубль авахуулсан гэдэг билээ.
орчуулсан: Норзонгийн Энхбаяр.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.