Монголчууд байгалийн баялгаас хувь хүртэх ёстой!

244

Монголчууд байгалийн баялгаас хувь хүртэх ёстой!

 

Том газар нутаг дээрх цөөн хүн ам, байгалийн асар их нөөц баялгаараа Монгол Улс Ази тивд төдийгүй олон улсад нэртэй. Тэгвэл яагаад өнгөрсөн жилүүдэд монголчууд байгалийн баялгаасаа тэгш хувь хүртэж чадаагүй вэ? Энэ бол эрх зүйн орчин байхгүйгээс эрх мэдэлтэй цөөн хүний гарт байгалийн баялгийн хуваарилалт хязгаарлагдсантай холбоотой. Харин одоо монголчууд стратегийн орд газруудаас жинхэнэ утгаараа бодит хувь хүртэж, түүнийгээ захиран зарцуулах мэдэлтэй болсон.

Тодруулбал, Баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж, санд хуримтлагдсан баялгийн хувиас иргэд бодит өгөөж хүртэх боломжтой болоод буй. Өөрөөр хэлбэл, монголчууд стратегийн орд газар буюу байгалийн баялгаас хувь хүртэх боломж жинхэнэ утгаараа таван сарын өмнө бүрдсэн.

Гэхдээ иргэд стратегийн орд газрууд болон тэдгээрээс ногдох хувь хэмжээний талаар бүрэн ойлголтгүй, мөн үр өгөөжийн тухайд мэдлэг дулимаг байгаа учир тийм ч их анхаарахгүй байгаа сэдэв. Улсын байгалийн баялаг гэдэг бол тухайн орны ард иргэдийн баялаг гэсэн үг. Товчхондоо бол үндэсний баялаг нь стратегийн ордууд юм. Стратегийн орд гэдэг бол жилд Монгол Улсын дотоод нийт бүтээгдэхүүний таван хувиас дээш хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа буюу, үйлдвэрлэх боломжтой орд. Тиймээс үндэсний баялгийн санг бүрдүүлэгч гол нэгжээс иргэн бүр хувь хүртэх нь зүйн хэрэг.

Иргэд байгалийн баялгаас тэнцүү хувь авч хуримтлалтай болсноор эрүүл мэнд, боловсрол, цаашлаад орон сууцны үйлчилгээ авахдаа зарцуулах эрх үүснэ.

Өөрөөр хэлбэл, газрын хэвлий дэх баялгаа ард түмэн баялгийн сангаар дамжуулан эзэмшсэнээр баялагтаа эзэн Монголыг бүрэн утгаар нь цогцлоох боломжтой. Монгол Улсын Засгийн газраас Үндэсний баялгийн сангийн хуулийг хэрэгжилтийг хангуулахаар хувийн эзэмшилд байгаа стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын есөн ордоос Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний баялгийн сангийн тухай хууль, Ашигт малтмалын тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд төрийн буюу ард түмний эзэмших хувийг тогтоох, шаардлагатай хэлэлцээр хийх шийдвэр гаргаад буй.

Хувийн эзэмшилд байгаа есөн ордоос ард түмэн хувь эзэмшсэнээр урьдчилгаагүй орон сууцтай болохоос эхлээд эрүүл мэнд, боловсролын тэгш хүртээмжтэй байдал бий болно.
Ингэснээр нийгмийн хөгжлийн суурь асуудлууд шийдэгдэж, иргэд ч байгалийн баялагтаа хяналт тавих боломж бүрдэх юм.

Ашигт малтмалын тухай хуульд стратегийн ач холбогдолтой ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоохыг тусгасан байдаг. Тус хуулийн:

5.4. Улсын төсвийн хөрөнгөөр нөөцийг нь тогтоосон стратегийн орд, түүний үүсмэл ордыг тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн хувьцааны 50 хүртэлх хувийг төр үнэ төлбөргүйгээр эзэмших бөгөөд төрөөс оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээг харгалзан төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоож болно.

5.5. Улсын төсвийн оролцоогүйгээр нөөцийг нь тогтоосон стратегийн орд, түүний үүсмэл ордыг эзэмшигчийн тухайн ордод оруулсан хөрөнгийн 34 хүртэлх хувьтай тэнцэх хувьцааг төр үнэ төлбөргүйгээр эзэмших төрөөс оруулах хөрөнгө оруулалтын хэмжээг харгалзан төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоож болно гэж заасан.

Тиймээс иргэн бүр эх орныхоо баялагт эзэн байж, хяналт тавихын зэрэгцээ хувь хүртэх боломжийг бүрдүүлж байгаа Үндэсний баялгийн сангийн талаар ойлголт мэдлэгээ нэмэх нь зүйтэй…

 

https://news.mn/r/2756972/

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>