АЙРАГ ИСГЭХ АРГА
Монгол түмний эрт үеэс уламжлал болон боловсруулан хэрэглэж ирсэн таван тамсаг идээний нэг болох цагаан идээ ундааний дотроос анагаах их увидастай, исгэлэн амттай, анхилам үнэртэй, ариун чанартай айраг (цэгээ, чигээ) онцгой бөгөөд алдартай нь билээ.
Бид юуны өмнө “айраг” хэмээх үгийг тайлбарлахад, сүүг хөрөнгөлөн бүлж исгэсэн ундаа. Голдуу гүү, үнээний сүүгээр исгэснийг хэлнэ, ингэнийхийг хоормог гэнэ. Айраг нь олон төрлийн амин дэм агуулсан төгс чанартай учир хүнс, эмчилгээ сувилгаанд хэрэглэнэ.
Сүүг хөрөнгөлөн бүлж исгэсэн ундаа. Ихэвчлэн гүү, үнээний сүүгээр исгэдэг. Айргийн эмнэлэг (айргаар эмчилдэг эмнэлэг), шар айраг (арвай буудайн охиор исгэсэн ундаа). Airag- Малын сүүг хөрөнгөлөн бүлж исгэсэн цагаан идээ. /Айраг уух, айргаар архи нэрэх, тансаг зуны улиралд тараг айраг бялхана. Англиар fermented mare’s milk- махчилан орчуулваас-исгэсэн гүүний сүү.
XIII зууны дунд үед Монгол оронд ирсэн В.Рубрук монголчууд зуны улиралд махыг тун бага хэрэглэж, голдуу цагаан идээгээр хооллодгийг үзээд гайхан бичихдээ:“... Хоёр гадсанд урт зэл татаж, унагыг барин уях бөгөөд гүү саахдаа унагыг нэг (эрэгтэй) хүн татаж, өөр нэг (эмэгтэй) хүн саана.
Гүүний сүүг том ширэн хөхүүрт хийж, дугариг, нүхтэй модон бүлүүрээр тос унатал бүлж исгэдэг.” гэж бичсэн нь 800-гаад жилийн тэртээ өнөөгийн малчид шиг гүүгээ барьж, айргаа исгэж хэрэглэж байсныг харуулж байна.
Манай монголчууд олон үеийн турш айраг исгэж хэрэглэж ирсэн өвөрмөц арга барилтай. Айраг исгэх арга технологийг дараах байдлаар тодорхойлж болох юм. Айргийг соёолон эр үхрийн ширээр хийсэн хөхүүрт исгэвэл сайн гэлцдэг. Монголчуудын айргийг исгэх хоёр үндсэн аргыг түгээмэл хэрэглэдэг ажээ. Үүнд:
1.Хөхүүрээр исгэх. Урьд онд айраг исгэж байсан хөхүүрээ дараа зун нь дэвтээж цахлан дүүжлээд түүндээ шинэ саамаа хийж сайтар бүлж исгэдэг. Ер нь гүүний айргийг исгэхдээ хэдэн жил дараалан исгэсэн ширэн хөхүүр ашигладаг нь сүү айргийн шим чанарыг өөртөө сайн шингээсэн байх тул тусгай хөрөнгө шаарддаггүй гэдэг.
2.Хөрөнгөөр исгэх. Урьд жилийн намрын айрагт 1 кг орчим шар будаа, үзмийн аль нэгийг хийж идээшүүлэн авч цэвэр уутанд хийж хадгалсан байх ёстой. Ингэж хатаасан хөрөнгөөс саамандаа хийж бүлж исгэнэ. Эсвэл хонь ямааны шинэхэн таргаар хөрөнгөлөн исгэж болно. Ингэхдээ саамын литр бүрт 100-150 гр тараг орохоор тооцдог байна.
Тэгвэл Булган аймгийн Сайхан сумынхан айргаа сайхан болгохын тулд хөрөнгөө өвөрмөц аргаар гарган авдаг.
Хусран гүүний халуун саамыг айргийн ширэн борвинд хийж халуун өдөр моринд ганзагалан давхихад уг саам зайлагдаж өөрөө иснэ. Мөн ямааны түүхий сүүгээр тараг бүрж сайн хутгаад наранд исгэн дээрээс нь түүний дөрөвний нэгтэй тэнцэхүйц халуун саам хийж хутган, өдөр бүр мөн халуун саам нэмж бүлсээр байгаад сайхан хөрөнгө гарган авдаг байна. Гэхдээ энэ аргаар хөрөнгө гаргаж авахад уйгагүй хөдөлмөр олон удаагийн оролдлогоор хийдэг төдийгүй тэр болгон хүн хийж чаддаггүй.
Өглөөний нарнаар адуугаа хурааж, гүүгээ барин өдөрт 6-8 удаа сааж, орой нар жаргахад гүүгээ тавьж, адуугаа бэлчээнэ. Зуны цагт гүүн саамны цаг хоорондын давтамж 40 минутаас 1 цаг байдаг. Энэ нь зуны халуунд унагаа ангуулахгүй гэсэн зорилготой. Өдрийн саасан саамаа хувь тэнцүүлсэн хөрөнгөнд хийж, битүү нүргүүлэн жигд хэмээр, цалгиулж үсчүүлэхгүй бүлж, шуугисан шаагисан, хамар цоргиж сэнгэнэсэн, уруул чимчигнүүлсэн сайхан айраг исгэнэ. Айраг сайхан исэхэд гол нөлөөтэй нэг чухал ажиллагаа бол бүлэх юм. Бүлэхдээ улирлын байдлаар тохируулан зун бол саамаа хийнгүүт 5000-7000 /2-3 цаг/, намар бол 3000-4000 /1.30- 2 цаг/ бүлнэ.
Намрын айргийг дэндүү олон бүлбэл шингэрч цайна гэж үздэг. Зуны айргийг дутуу бүлбэл хэтэрхий исгэлэн амттай болно. Бүлэхийг нь тааруулсан айраг 7-8 цагт исэж гүйцнэ. Бүлээд зогсоосны дараа айргийн шаагиа зогстол аль болох хөдөлгөхгүй байх хэрэгтэй. Зуны айраг хийхэд бас нэгэн анхаарах чухал зүйлийн нэг нь айргаа халаахгүй арчлах явдал юм.
Үүний тулд халуун өдөр хөхүүр байрлаж буй газарт нар дагуулж сүүдрэвч татахын сацуу булгийн эхнээс авчирсан юм уу, эсвэл гүний худгаас авчирсан хүйтэн усанд саамаа сойно. Ийнхүү аагим, их халуунд бол айргийг халахаас, харин хүйтэн сэрүүнд бол “даарч” хөрөхөөс сэргийлэх учиртай. Ер нь айргийг дааруулбал хөрөнгө нь төөрнө гэж үздэг.
О.Гэрэл
Оллоо.mn