"ГЭР ДҮҮРЭН БАЯР" /Дурсамж өгүүллэг/
Би тэр үед долоон настай байж. Бие бага болохоор ахынхаа морийг унана. Сумын наадамд айраг авчихна, аймагт бол нэлээн дээгүүр давхичихна. Ах ч наадмын бөөн хорхойтон морь сайн уяна.
Мичин жилийн зуд гэж сүрхий аюул дайрч, олон ч айл хотоо харлуулсны тэр хаврын явдал юмдаг. Хавар аажуухан ногоо цухуйж, малын зоо тэнийх аядаж байсан цаг. Нэг өглөө босоход унагаа дагуулсан хээр гүү манай гадаа ирж хоносон байлаа. Тураалын туйл болсон хөөрхий амьтад. Эх нь хэдрэг болсон нуруутай, унага нь гуйвж туйвсан амьтан. Аав хэлж байна аа:
"Зудаас яаж үлдсэн юм бол доо, хөөрхийс. Энэ унага орой гарсан бололтой, давжаа биетэй хэнз юм. Гэхдээ энэ чинь их учиртай адуу даг аа. Эр юм гээч. Та нар гайгүй тордоорой. Малын заяа их, урин цагтай золгосон юм, одоо дажгүй ээ, удахгүй эзэн нь олдох биз. Миний хүү сайн харж хандаж байгаарай" гэлээ. Би ч их баярлав. Унагандаа Арвайхээр гэдэг нэр өгчихлөө. Эхтэйгээ хоёул гэрийн ойролцоох хэдэн жалганд өнжих. Арвайхээр өдөр өнгөрөх бүр өнгө зүс ороод зуны сар гарахад даахиа гээгээд толилзож гилтэлзсэн улаан хээр зүстэй сайхан даага болдог юм байна. Тэгтэл эх нь өвс ногоо ч идэлгүй хотны ойролцоо хэд хоног зогсчихов. Даага жаал идшилж байснаа янцгаагаад эх рүүгээ давхиад ирэх. Аав хэлж байна:
"Энэ нэг л биш боллоо шүү. Яасныг мэдэх арга алга. Сайн харж бай даа хүүхдүүд минь, ус, өвс ахиухан өгч байгаарай" гэв.
Ногоо сайхан ургаж байлаа. Би хялгана, таана зулгааж өмнө нь овоолно. Түмпэнтэй ус тавьж өгнө. Нэг үнэрлэчихээд ам хүрэхээ болив. Үдээс хойш болж сэрүү унаж байлаа. Хээр гүү зүүн хойшоо хөлөө арай ядан зөөсөөр явж харагдав. Бид гаднаа харж зогслоо. Арвайхээр баруун толгодын энгэрээс хангинатал янцгаасаар давхиж очив. Эх нь эргэж харж үүрсмээр болсноо хошуугаараа түүнийг нударч түлхэж харагдана. Хэд хэдэн удаа нударлаа. Яв, буц гэж байх шиг санагдлаа. Даага дуртай дургүй буцаад хэд алхсанаа эх рүүгээ явж очив. Эх нь дахиад л хөөж байх бололтой. Энэ байдал хэд хэд давтагдахад даага баруун толгодын зүг сажлав.
Хээр гүү толгой унжуулан гэлдэрсээр зүүн хойд хөтлөөр давлаа. Удалгүй ах бид хоёр хойноос нь очиход хөтлийн цаахна хөөрхий гүү ойчоод тийчигнэж байв. Хоёул харж баахан зогсов. Ах толгойг нь өвдөг дээрээ тавилаа. Гүү аяархан үүрссэнээ нүднийх нь аяга дүүрэн нулимс мэлтрээд ирэв. Тэгснээ нэг их уртаар амьсгаа татаад хөл нь тэрийгээд явчихав. "За миний дүү энэ өнгөрчихлөө" гэж ах хэлээд санаа алдаад босов.
Даагыг адуундаа нийлүүллээ. Эхлээд захдуухан явж байснаа ижилсэж унага даагатай тоглон давхидаг болов. Арвайхээр ч зэгзгэр урт хөлтэй, уужим ташаатай сайхан хээр даага болов. Наадам ойртлоо. Арвайхээртэй хамт их нас, соёолон үрээ уялаа. Хээр даага нэг юм дуулгана даа гэж аав хэлэх. Ах ч хэдэн жил наадсан болохоор нэгийг бодсон байж мэднэ.
Хоёул наадамд явлаа. Аав хэлэв:
"Соёолон үрээгээ хэдхэн хазуулаад уралдуулчих. Харин даагаа үүр цайхын багцаанд дөмөгхөн хазуулчих. Угаас онд ядарч орсон юм, тамирдаж байж мэднэ"
...Даага минь газар дунд хүртэл жигдхэн сайхан давхиж байснаа хазаар дараад л хурдаа нэмж эхлэв. Би ч амыг нь нэг их татахаа болив. Түрүүчийн даагануудтай зуузай холбоод ирлээ. Барианы газар ойртлоо. Арвайхээр минь ганц сайхан янцгааснаа чухам л цойлж өгөв.
Барианы тэндээс адуу янцгаах сонсогдов. Аль нэг дааганы ээж нь байсан ч билүү. Хээр минь харваж өглөө. Магадгүй юм, хөөрхий амьтан энэхэн агшинд эхийгээ санасан ч байж мэднэ. Айргийн гуравт хурдаллаа. Маргааш нь наадмаас тараад иртэл ахын эхнэр амаржиж, хүү төрүүлээд бөөн баяртай улс сууж байлаа.
Нэг морь, нэг хүү зэрэг ирж, манайх гэдэг айл гэр дүүрэн баярт умбах нь тэр. Тахиа жилийн зун манайх шиг тэгж их баярласан айл шанднуудын хэцэд байгаагүй л болов уу гэж одоо би бодож сууна.
Хүлэг нь хурдалж, хүн зон нь нэмэгдэж байхын зөн билэг ийнхүү оршвой.
Э.Хархүү
Хандгайт 2013он