Баянхошуу дэд төв дэх 240 хүүхдийн ортой цэцэрлэгийг нээлээ

29

 

 

Баянхошуу дэд төв дэх 240 хүүхдийн ортой цэцэрлэгийг нээлээ

 

Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичгийг хэрэгжүүлэхээр нийслэлийн удирдлага Азийн хөгжлийн банк болон Европын хөрөнгө оруулалтын банкны хөнгөлөлттэй зээлээр "Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр"-ийг эхлүүлсэн билээ. Улаанбаатарыг олон төвт хот болгох зорилгоор дэд төвүүдийн бүтээн байгуулалтыг эл хөтөлбөрийн хүрээнд хийж буй. Есөн жилийн хугацаанд гурван үе шаттай хэрэгжүүлэх тус хөтөлбөрийн хүрээнд Баянхошуу дэд төвд барьсан 240 ортой цэцэрлэгийг өнөөдөр нээлээ. Нээлтийн үйл ажиллагаанд нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан, нийслэлийн Засаг дарга С.Батболд тэргүүтэй албаны хүмүүс оролцов.

Сонгинохайрхан дүүргийн VIII хорооны нутагт барьсан уг цэцэрлэг олон улсын стандартад нийцэхүйц хичээлийн танхим, гал тогооны өрөөтэй. Нэг хүүхдэд ногдох талбайн хэмжээ нь 6.7 ам метр. Мөн гаднаа 230 ам метр резинэн хучилттай тоглоомын талбай, 20 автомашины зогсоолтой юм.

Нээлтийн ёслолын үеэр нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан "Бүтээн байгуулалтад оролцсон баг, хамт олон тус цэцэрлэгийг таван сарын хугацаанд барьж, ашиглалтад орууллаа. Үүгээрээ сайн жишиг тогтоолоо. Агаар, хөрсний бохирдлыг бууруулахаас гадна иргэдийн ая тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх  зайлшгүй шаардлага бий. Өнөөдөр нээж буй уг цэцэрлэг олон давуу талтай. Ашиглалтад оруулснаар Баянхошуу дэд төвийн 2-5 настай хүүхдүүд цэцэрлэгт хамрагдах хуюв 64 болж нэмэгдэнэ" гэсэн юм.

Дашрамд дурдахад, Баянхошуу дэд төвийг төвлөрсөн дулаанаар хангах 11и магистрал шугамын өргөтгөл, шинэчлэлтийн I болон II ээлжийн бүтээн байгуулалт, 2.4 км үерийн далангийн ажил дуусчээ. Ирэх сарын сүүлчээр бизнес инкубатор, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийг ашиглалтад оруулахаар ажиллаж байна.   


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.